Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусжээ.
Энэхүү бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 3.4 км замыг хүлээж авах арга хэмжээ есдүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо.
Тус замын өргөн 20 метр, дөрвөн эгнээтэй. Мөн ус зайлуулах систем зэрэг тохижилтыг бүрэн гүйцэтгэсэн. Уг авто замын бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Баянхошуу дэд төвд барьсан сургууль, цэцэрлэг, инженерийн шугам сүлжээг иргэдэд хүртээмжтэй байнгын ашиглалттай байлгах боломж бүрдэж байгаа аж.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019-2021 онд 18 байршилд 22.8 км авто зам ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан байна. Гэр хорооллын шороон замыг хатуу хучилттай авто зам болгосноор орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрахаас гадна томоохон уулзвар замуудын ачаалал багасах зэрэг олон ач холбогдолтой юм.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж болон тус хорооны иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.
Эх сурвалж: СХД-ийн Засаг даргын Тамгын газар