Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд КОВИД-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Хүүхдийн халдварын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурч, 12-17 насны хүүхдийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Улаанбаатар хотын найман дүүрэг, зургаан төрөлжсөн нарийн эмнэлэгт лабораторийн аппарат бий. Ингээд ямар нэгэн байдлаар PCR шинжилгээ тасалдах эрсдэл байхгүй гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэв.
ЭМЯ коронавирус илрүүлэх PCR шинжилгээний тоог бууруулаагүй бөгөөд долоо хоногт 45-50 мянган PCR шинжилгээ хийж байгаа. Түргэвчилсэн шинжилгээ 80-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хилийн боомтод коронавирус илрүүлэх лабораторийг нэмж байршуулсан бөгөөд нэг лаборатори байгуулахад зардал 240-300 сая төгрөгт багтдаг.
Нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайт болон Цагаан хад орчимд нэмэлтээр хоёр лаборатори байгуулсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусыг эмчлэх 22.158 орыг дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд цаашид орны хязгаарлалт хийнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас есдүгээр сарын 30-ны байдлаар КОВИД-19 болон үндсэн тусламж үйлчилгээнд 886 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүнээс 204 тэрбум төгрөгийг зөвхөн Ковид-19 халдварын тусламж үйлчилгээнд зарцуулсан гэсэн мэдээллийг сайд С.Энхболд Байнгын хорооны гишүүдэд өгч байна.
Мөн манай улсад жилд дунджаар 16.500 хүн халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаанаар нас бардаг. Энэ оны нас баралт наймдугаар сарын байдлаар өмнөх оноос 1200 тохиолдлоор илүү байгаа. Энэ нь халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаар давлагааны өмнөх үед нас баралт өндөр хувьтай байсан. Нийт нас баралтын 86.5 хувийг архаг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Насны хувьд 50-аас дээш насны буюу вакцин тариулаагүй иргэд илүү нас барж байгаа гэв.