Швед Улсад өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн “Азийн кино наадам”-ын үеэр монголын “Бүсгүй”, “Амин судал”, “Шилүүс” кино олны хүртээл болж байна.
Тодруулбал, тус улсад жил бүр болдог уг наадмын үеэр өөрийн орны кино уран бүтээлээс оролцуулах талаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулагч нарт санал тавьсан байна. Улмаар энэ сарын 1-нд Стокхолм хотын “Гранд” кино театрт “Шилүүс”, “Бүсгүй” кино гарах үеэр Элчин сайдын яамнаас “Монголын үдэш” өдөрлөг зохион байгуулж, хийл хөгжмийн болон морин хуурын тоглолт үзүүлбэр, үндэсний соёл урлаг, зан заншил, байгалийн үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг толилуулав. Мөн үзэгчдэд монгол үндэсний бичиг, цагаан идээ, амттанг сурталчлан танилцуулжээ.
“Азийн кино наадам” фестивал энэ сарыг дуустал Стокхолм болон Шведийн бусад томоохон хотоор үргэлжлэх бөгөөд монгол кино гарах бүрийн өмнө монголын урлаг соёл, уламжлал, дуу хөгжим, байгалийн сайханг харуулсан богино хэмжээний сурталчилгааны дүрс бичлэгийг үзүүлж байхаар тохиров.