Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон байв.
Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт, мөн шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Эргэн сануулахап, “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж, шүүхээс нийт найман жил хорих ял сонссон. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шүүх шийдвэрлэж байв.
Улмаар Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргасан юм.