Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Авлигын эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байгууллагуудад тайлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2021 оны Авлигын эрсдэлийн үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг сонгохдоо Шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй, мөн 2017 оноос эхлэн авлигын гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн санг хамруулжээ.
Энэ удаа авлигын эрсдэлийн үнэлгээг Авлигатай тэмцэх газраас захиалан “Онч шийдэл” НҮТББ болон “Голден пэйж аудит” ХХК гүйцэтгэсэн юм. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын авлигын эрсдэлийн тайланг байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, тогтоогдсон эрсдэлд анхаарал хандуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Төрийн байгууллагад зохион байгуулсан эрсдэлийн үнэлгээний дүнгээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлт зэрэг нь авлигын эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогдож байна.
2018 онд төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж эхэлснээс хойш 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаад байна. Төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлнэ гэдэг нь тухайн байгууллага дахь авлига үүсч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг тодруулж байгаа явдал бөгөөд төрийн үйлчилгээг сайжруулах мэдээллийн эх сурвалж болгон ашиглах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг чиглүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх нэг төрлийн ажил болдог.
Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог хангах зорилгоор хараат бус ТББ-уудыг сонгон шалгаруулж үнэлгээг хамтран зохион байгуулдаг. Зарим төрийн байгууллагууд шаардлагатай мэдээ, мэдээллээ гаргаж өгөхгүй, хамтарч ажиллахгүй байх зэрэг асуудлууд үүсгэсэн нь авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго, ач холбогдлыг бүрэн ойлгоогүй, мөн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл дутмаг байгаагийн илрэл юм.