Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэж заасан. Мөн 2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дзвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхзэ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил зрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д Улсын Их Хурлын гишүүн нь “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Олон Улсын Парламентын Холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцөлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна.
Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.
Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднэзс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ.