Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ХОМ-дээ “Женко тур бюро” ХХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Мах Импекс” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, “ХИД” ХХК тэргүүтэй 17 компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Нэр дурдагдсан компаниуд нь түүнийг улс төрд орохоос өмнө нэрийнх нь өмнө дуудагдаж, нэрийн хуудас нь болж ирсэн гол бизнесүүд нь билээ. Түүний хувь эзэмшдэг компаниуд дундаас “Баян-Исгрийт” ХХК гэх хуулийн этгээд хамгийн их анхаарал татдаг.
Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2010 онд Монголын бизнесийн томчууд болох Женко Баттулга, Голомт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан болон Чоно группын Ерөнхийлөгч Т.Энхболдсодон нар Сингапур улсын иргэн Билли Лим Син Паутай хамтран үүсгэн байгуулжээ.
Тэд өдгөө ч “Баян-Исгрийт” ХХК-г хуваан эзэмшиж байгаа бөгөөд “Голомт Файнэншил Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Ганжолоо гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж.
Гэвч улсын бүртгэлийн нээлттэй өгөгдлийн санд хаягаа бүтэн байршуулаагүй “Баян-Исгрийт” ХХК үйл ажиллагаа явуулдаг гэхээсээ илүү цаасан дээрх хуулийн этгээд шиг харагддаг. Мөн үүсгэн байгуулсан эзэгшигчид нь эрх ашиг нэгтэй улс төр, бизнесийн хүрээний элитүүд байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа талаар доор өгүүлье.
“Баян-Исгрийт” ХХК-ийн эздийн хамаарал
Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Голомтын Баясгалан төмөр замын төслүүдийг авч хэтэвчээ зузаалах болсон. Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа стратегийн төмөр замыг хувийн хэвшлээр бариулахгүй, “Хятадаас танктай цэрэг орж ирнэ” гэх зэргээр “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын төслийг гацааж байв. Гэвч Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа 10 жил гацсан уг төсөл “Бодь Интернейшнл” ХХК гэх хувийн хэвшилд очсон байдаг. Сүүлд, “Богдхан” төмөр замын төслийг мөн л Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь Интернейшнл” ХХК барих болж огт зураг төсөлгүйгээр яаравчлан тууз хайчлаад байгаа юм.
Тэгвэл Билли Лим Син Пау Чонын Энхболдсодонгийн “Мишээл экспо” төвийн урд байх “Мишээл мегамалл” төсөлд хөрөнгө оруулсан билээ.
“Баян-Исгрийт” ХХК-ийн өмч
Улс төр, бизнесийн томчууд гаднын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулсан “Баян-Исгрийт” ХХК нь албан ёсны веб сайтгүй. Улсын бүртгэлд “Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо” гэснээс өөрөөр хаягаа бүтэн оруулаагүй. Интернэтэд зөвхөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ХОМ-т мэдээлэгдсэнээс өөрөөр огт байхгүй аж.
Тэгвэл “Баян-Исгрийт” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бизнесийн зөвлөх үйлчилгээ, брокер, дилерийн үйл ажиллагаа үзүүлдэг “Лондон-Азиа капитал монголиа” ХХК гэх компанийг эзэмшдэг байна.
Гэвч тус компанийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2019 онд хүчингүй болж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос харилцагчдыг нь хуулийн дагуу “БиДиСЕК ҮЦК” ХК-д шийлжүүлжээ. Харин 2021 оны есдүгээр сарын 25-нд улсын бүртгэлдээ өөрчлөлт оруулж хаягаа “Баян-Исгрийт” ХХК-тай төстэй “Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 404” гэж байсныг “Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, чингисийн өргөн чөлөө, Парк Плейс, 3 давхарт” буюу Паркын баруун талын Голомт банкны оффист шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай гэх статусаа хассан байна.
Мөн “Лондон-Азиа капитал монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар “Баян-Исгрийт” ХХК-г удирддаг О.Ганжолоо ажилладаг аж. Тус компанийн улсын бүртгэлээс харахад, өдгөө зөвхөн бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
“Лондон-Азиа капитал монголиа” ХХК Их Британийн луйврын схем бүхий хөрөнгө оруулагч компанийн Монгол дахь салбар аж.
Анх “Asia Investor” сэтгүүлийн 2006 оны гуравдугаар сарын дугаарт “Лондон-Азиа капитал монголиа” ХХК нь Лондонгийн хөрөнгийн биржийн “AIM” зах зээлд бүртгэлтэй байсан “London Asia Capital” компанийн 60 хувь, Ажнай Д.Бат-Эрдэнийн гэх тодотголтой Капитрон банкны 40 хувийн хамтарсан эзэмшилтэйгээр үүсгэн байгуулагдсан талаар мэдээлж байжээ. Мөн уг хэлцэл нь Лондон хотын захирагч асан сер Дэвид Брюэр 2006 онд Монгол Улсад айлчлах үед зурагдсан байна.
Тэрээр тухайн үед “London Asia Capital” компанийн гүйцэтгэх бус захирлын албан тушаалыг давхар хашиж байсан юм. Харин 2006 оны зургадугаар сард “London Asia Capital” компани Монгол Улсад шинээр байгуулсан салбарынх нь хувьцааг “Бодь Интернейшл” ХХК худалдан авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн талаар мэдэгдсэн байна.
Хятад болон Азийн хөгжиж буй зах зээлд арилжааны банк, хөрөнгийн зах зээл, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулахад чиглэсэн “London Asia Capital” компанийн 2006 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нийт орлого нь өнгөрөгч оноос 139 хувь өсөж, 1.8 сая фунт стерлинг хүрсэн. Татварын дараах ашиг 66 хувиар өсөж, 3.1 сая фунт стерлинг болсон.
Цэвэр хөрөнгийн хэмжээ 33.1 саян фунт стерлинг, 2006 оны санхүүгийн жилд хөрөнгө оруулалтын борлуулалтын орлогоос 4.6 сая фунт стерлингийн орлого олсон. Монгол дахь салбар нь үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон бөгөөд орон нутагт том түншүүдтэй болсон талаараа дурдаж байжээ.
Гэвч “Financial Times” сэтгүүлийн 2011 оны нэгдүгээр сарын дугаарт “London Asia Capital” компани сүүлийн гурван жил санхүүгийн тайлан мэдүүлээгүй. Хөрөнгө оруулсан 13 компани нь ямар ч үнэ цэнэгүй бөгөөд Лондон дахь банкны данс нь хоосорсон. Тиймээс хөрөнгө оруулагчид нь гар хоосон хоцорч болзошгүй талаар мэдээлсэн байна. Үндсэндээ компани Хятадын Ухань дахь сэргээгдэх эрчим хүчний төсөл дэх 20 хувийн хувь эзэмшлээс өөр ямар ч хөрөнгөгүй болсон аж.
Улмаар хөрөнгө оруулагчид нь мөнгөө олж авах зорилгоор Их Британийн компанийн бүтцийн өөрчлөлт, сэргээн босголтын “Buchler Phillips” корпорацын үүсгэн байгуулагч Дэвид Бухлерийг хараат бус ТУЗ-ийн даргаар томилжээ. Шинэ удирдлагуудын мэдээлснээр “London Asia Capital” хөрөнгө оруулагчдаас ойролцоогоор 100 сая фунт стерлинг босгож, хөрөнгө оруулалт, худалдан авалтын лабиринт буюу төөрдөг байшин шиг бүтцийг бий болгосон байна.
Луйврын схемийг зохион байгуулсан этгээдүүдээс бусад хүн ойлгох боломжгүй бөгөөд товчхондоо гадаад улс дахь салбар, оффшор компаниудаар дамжуулан хөрөнгө оруулагчдын мөнгийг цаасан дээрх компаниуд руу оруулан, залилаад зугтсан аж. Үүнийг компанийн 2013-2020 оны санхүүгийн тайлан болон хараат бус санхүүгийн аудитын тайланд дурдсан байна. Тэгвэл 2011 оны арваннэгдүгээр сард “London Asia Capital” компанийн “Лондон-Азиа капитал монголиа” ХХК-ийн хувь эзэмшил “Баян-Исгрийт” ХХК-д 100 хувь шилжсэн байна.
Эх сурвалж: ITOIM