Вакцин хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүсээ хамгаалдаг. Хүүхэд, залуус вакцинд хамгийн сүүлд хамрагдах төлөвтэй байгаа нь тэдний боловсрол, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээнд хамрагдах боломжид нөлөөлөх тул бид зохих арга хэмжээг хамтдаа авах хэрэгтэй байна.
Хүүхдэд хамгийн ойр байдаг ээж, аав, эмээ өвөө, багш нар болон бусад ажилтнууд вакцинд бүрэн хамрагдах нь илүү эрүүл, аюулгүй, сайн сайхан орчныг бүрдүүлэхэд тусалж байгаа хэрэг юм.
КОВИД-19-ийн эсрэг вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулж чадна. Худал, ташаа мэдээлэлтэй тэмцэх, КОВИД-19-ийн вакцины аюулгүй, тэгш хуваарилалтыг хангахын тулд бидний зүгээс хийж болох зарим зүйлийн талаар ярилцъя.
1. ВАКЦИНЫ ТАЛААРХ БАРИМТЫГ СУДАЛ
Вакцин нь аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд орчин үеийн анагаах ухааны хамгийн том ололтуудын нэг билээ. 18 дугаар зууны сүүл үеэс эхлэн вакцины ачаар халдварт саа, улаан бурхан, цагаан цэцэг зэрэг өвчний хор хөнөөлийг бууруулж, олон сая хүний амь насыг аварсан.
Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалт 2000-2018 оны хооронд 23.2 сая орчим хүүхдийн амь насыг аварсныг та мэдэх үү? Дөнгөж төрсөн нярай хүүхдийг үхэлд хүргэдэг татран өвчний эсрэг вакцины ачаар 2019 оны 7 дугаар сарын байдлаар дэлхийн 12 улсаас бусад бүх улсад уг өвчин бүрэн устаад байна.
Бусад вакцины нэгэн адил КОВИД-19-ийн эсрэг вакцин нь гэр бүл, олон нийтийг тус өвчнөөс хамгаалах чухал хэрэгсэл юм.
КОВИД-19-ийн вакцинд итгэх итгэлийг тань сулруулсан ямар нэг цуу яриа Та сонсож байсан уу? Найдвартай, үнэн зөв мэдээллийг хаанаас олж авахаа мэдэхгүй байна уу? Үнэн зөв мэдээллийг олж авах нь хэцүү байж болох ч танай улсын эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг найдвартай эх сурвалжуудыг ашиглан мэдээллийн үнэн зөвийг нягталж болно.
КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх эдгээр нийтлэг асуулт, хариултыг үзээрэй.
2. ВАКЦИН ҮР ДҮНТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХАД ТУСАЛ
Вакцин хийлгэсэн гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө зургийг ✌️ буюу V дохиог харуулсан байдалтайгаар авч, олон нийтийн сүлжээнд байрлуулж, баяр хүргээрэй.
Магадгүй ханцуйгаа шууж, тарилга тарьж, наалт наасан хэсгээ харуулсан эсвэл эмнэлгийн гадаа вакцинжуулалтад хамрагдсан баталгааны хуудсаа барин инээмсэглэсэн зураг байж болно.
Вакцин яагаад танд чухал болох тухай мессежийг #VACCINATED хаштаг ашиглан оруулж @UNICEF гэж таглаарай. (#БИ ВАКЦИНАА ХИЙЛГЭСЭН) гэж оруулж болно.
Ямар нэг шинэлэг санаа хайж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн Сангийн Инстаграм хаягаар зочлоорой.
3. ХЭРЭВ ГЭР БҮЛИЙНХЭН, НАЙЗ НӨХӨД ЧИНЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААВАЛ ЯАХ ВЭ?
Таны ойр дотно хэн нэгэн хүн КОВИД-19-ийн вакцины талаар буруу ташаа мэдээлэл түгээснийг хараад энэ тухай түүнд хэлэхэд Танд эвгүй 😬 байж болох юм. Гэхдээ ташаа мэдээлэл хүмүүсийн вакцинд итгэх итгэлийг бууруулж, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Бурууг нь шууд хэлж, бусдыг ичгэвтэр байдалд оруулахын оронд ойлгохыг хичээж, хүлээцтэй хандах нь илүү үр дүнтэй. Хүн бүр л алдаа гаргадаг!
Тэдний ярьж буй зүйлийг анхааралтай сонсож, тухайн зүйл нь ташаа мэдээлэл үү (худлаа гэдгийг нь мэдэлгүйгээр, ямар нэг хар буруу санаагүйгээр бусдад түгээж байгаа мэдээлэл), зориуд боловсруулан олон нийтэд тодорхой зорилгоор тарааж буй худал мэдээлэл үү эсвэл цуурхал уу гэдгийг тодорхойлохыг хичээгээрэй.
Дараах асуултуудыг өөрөөсөө асуу:
- Тухайн ташаа мэдээлэл хаанаас гарч ирэв?
- Энэ мэдээллийг хэн бэлдсэн бэ? Хэзээ тараасан бэ?
- Энэ мэдээллийг яах гэж бэлдсэн бэ?
Ингэснээр та энэ мэдээлэл уг сурвалжийг илүү сайн ойлгож, зохих ёсны хариу арга хэмжээ авах боломжтой болно.
Дараа нь өөрөөсөө дахин асуу: би энэ ярианд оролцох ёстой юу? Заримдаа ташаа мэдээлэлд хариу өгөх үед эргээд дайралтад өртөх, илүү их шуугиан тарьж болзошгүй байдаг. Хэрэв тухайн ташаа мэдээлэлд хариу өгөхөд аюулгүй орчин гэж Та тооцвол баталгаатай эх сурвалж бүхий холбогдох бодит мэдээ, баримтыг хуваалцах бэлтгэлтэй байгаарай.
Хэрэв тэд өөрийн олон нийтийн сүлжээний профайлаар эсвэл групп чатаар ташаа мэдээлэл тарааж байгаа бол та эхлээд тэдэнтэй ганцаарчлан уулзаж, эсвэл хувь чатаар нь харьцаад үзээрэй.
Тэднийг олон нийтийн сүлжээнд бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулалгүй эвтэйхэн харьцвал арай нааштай хүлээж авах нь дамжиггүй.
Тэднийг ташаа мэдээлэл тараалаа гэж буруутгах хэрэггүй. Үүний оронд тэдний түгээж буй мэдээлэл эсвэл зөвлөмж нь найдвартай эх сурвалжийнх биш байж магадгүй эсвэл үнэн бодитой биш байж болзошгүй гэдгийг анхааруулаарай. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ зэрэг найдвартай эх сурвалжид тэднийг чиглүүлж, эдгээр байгууллагаас гаргаж буй хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдээлэл авахыг зөвлөөрэй.
4. ХАМГААЛАЛТАА БҮҮ СУЛРУУЛ
Вакцин хийлгэсэн гээд санаа амарч болохгүй. КОВИД-19 халдварын тархалтыг хумихын тулд бид амны хаалтаа зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмээ үргэлжлүүлэн чанд мөрдөх хэрэгтэй.
Коронавирусээс хамгаалахын тулд гараа угаах талаар мэдэх ёстой бүх зүйл.
Хүүхдүүддээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх вэ.
5. ӨӨРИЙН САНАА БОДЛОО ХУВААЛЦ
КОВИД-19-ийн вакцины талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаж, өөрийг тань илүү сайн ойлгоход туслаарай.
UNICEF