Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд идэш хайсан баавгай болон бамбарууш явж байгаатай иргэд таарсаар байна. Тодруулбал өнгөрсөн 7 хоногт Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин айлын Хотолсон мал руу баавгай дайрч ямаа, хонь барьсан. Харин өнөөдөр Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт баавгайн бамбарууш орж ирсэн боловч ямар нэгэн аюултай шинж тэмдэггүй байсан бөгөөд шууд уул руу явжээ.
Иймээс иргэдийг баавгайн бамбарууштай таарсан тохиолдолд айж үргээлгүй тайван орхихыг зөвлөж байна. Мөн эх баавгай бамбаруушаа хайж явах магадлалтай тул ямар нэгэн баавгайтай таарсан тохиолдолд айлгаж үргээхгүй байж холбогдох мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдад мэдэгдэхийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.