Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид Парис хотын шүүхээс нэг жилийн хорих ял оноожээ. Экс Ерөнхийлөгчийг сонгуулийн аянаа хууль бусаар санхүүжүүлсэн буруутай гэж үзэж байгаа юм.
Тэрбээр шүүхэд биечлэн оролцоогүй, өмгөөлөгчөө илгээснээс үзэхэд хорих ял төлөвлөж байгааг мэдсэн бололтой. Тэрбээр гэртээ хоригдох бөгөөд хоригдлын бугуйвч зүүнэ гэсэн үг.
Саркозиг 2012 онд сонгуулийн аяндаа хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн мөнгө зарцуулсан гэж үзэж байгаа юм. Уг нь хууль ёсоор 22 сая евро зарцуулах ёстой байхад Саркози уулзалтуудаа явуулж, 43 саяыг зарцуулсан гэнэ. Шалгалтаар Bygmalion PR агентлаг Саркозийн намд 20 сая гаруй евро зарцуулсан ч дараа нь түүнийгээ нууж, ерөнхийлөгчийн кампанит ажлын зардал гэж тооцоогүй гэжээ.
Гуравдугаар сард шүүхээс Николя Саркозид гурван жилийн хорих ял оноосон. Нэг нь тэнсэн харгалзах ял бол нөгөө нь бодит ял эдлэх байлаа. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгажээ. Ялын тогтоол нь өөр нь мөрдлөг шалгалттай холбоотой. Түүнийг Ерөнхийлөгч байхдаа L’Oreal гоо сайхны компанийн хамтран эзэмшигч, тэрбумтан миллиардерши Лилиан Бетанкурыг 2012 оны сонгуулийн аянд хандив өргөсөн хэргийг шалгах үед нөлөөлөхийг оролдсон гэжээ.
Мөрдөгчид түүнчлэн Саркозиг өмгөөлөгч Тьерри Эрцогоороо дамжуулан шүүгч Жильбер Азиберт мөрдлөг шалгалтын мэдээллээ солилцсоны хариу болгож албан тушаал, Монакод “дулаан байр” амласан гэнэ.
Гэвч Францын тусгай албад экс Ерөнхийлөгчийг мэджээ. Ингээд өмгөөлөгч нь ч, шүүгч Азибер ч шийтгэл амсчээ.
Бас “Ливийн хэрэг” гэж бий. Ерөнхийлөгчийн эхний кампанит ажлынхаа үеэр Саркозиг Ливийн удирдагч Каддафи санхүүжүүлж, 50 сая евро өгсөн гэжээ. “Энэ үйл явдлууд миний амьдралыг жинхэнэ там болгосон” хэмээн Францын Ерөнхийлөгч асан мэдэгджээ. Түүнчлэн өөрийгөө огт буруугүй гэж зүтгэсээр байгаа юм.
«Надад олон дутагдал бий. Гэхдээ миний бодож байгаа бүхэн нүүр царайнд илэрсэн. Би худалч биш. Би тэмцэгч» хэмээн Саркози ярьжээ.
Хуучин Ерөнхийлөгчид нь шүүхийн хаалга татдаг нь Францын эртний уламжлал гэлтэй. Саркозигоос өмнөхөн Жак Ширак авлигын хэргээр тэнсэн харгалзах ял авсан бол Валери Жискар д’Эстен нь 94 насандаа хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан билээ.
Саркози хоригдох хугацаандаа Мон Маранси хэмээх тансаг байрандаа байна. Тэрбээр энд 2012 оноос хойш эхнэр Карла Брунитай цуг амьдарч байгаа юм. Гэхдээ экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч уг шийдвэрээр давж заалдахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: MIR24