Нийслэлийн гэр хорооллын өрхийг түлшээр хангах зорилготой Тавантолгой түлш Төрийн өмчит компанийн ажилчид өчигдөр орой ажил хаялт зарлаж эсэргүүцлээ илэрхийллээ. Таван толгой түлш ХХК 300 гаруй ажилтнуудын эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн. Мөн аюулгүй байдлыг хангахгүй байгаагаас эрсдэлд орж байгааг хэлж байна.
Хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилчдын цалинг нийгмээрээ 2.5 сая төгрөгтэй тэнцдэг хэмээн ойлгодог ч бодит байдал дээр цалин хөлс нь бага байдаг. Зарим ажилчид банкны зээлээ төлж чадахгүйд хүрч, зарим нь амьдралаа залгуулахад хүнд байгаа талаар мэдэгдэж байна.
Нөгөө талаар үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрддөгддөггүй. Нэг хүний амь нас эрсэдсэн, хортой нөхцөлд ажилладаг манаачийн уушиг устсан, ажилчид бэртэж гэмтсэн тохиолдлыг удирдлагууд аль болох мэдээлэхгүй нууцлалдаг болохыг ажилчид ярьж байна.
Тавантолгой түлш компанийн ажилчид асуудлыг шийдвэрлэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна. Хэрвээ ажил хаялт удаан хугацаагаар үргэлжилбэл нийслэлийн гэр хорооллын 172 мянга гаруй өрхүүд гал алдах, нүүрс хомсдох нөхцөл байдал үүсэх нь тодорхой.
Үйлдвэрийн удирдлагууд цалин болон цалингийн нэмэгдлийг хоёр жилийн өмнөхөөс илт бууруулсан хэрнээ өнөөдөр эсэргүүцэл илэрхийлсэн 1000 гаруй ажилтнаа нэг өдөр халахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Өчигдөр гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид гарч ирж байр сууриа илэрхийлсэн боловч ажилчдын яринаас тэс ондоо зүйл мэдэгдээд орсон байна.
Тавантолгой түлш компани үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа юу гэдэгт аудитын шалгалт оруулж асуудлыг шийдвэрлэхгүй бол нийслэлчүүд нийтээрээ хохирч мэдэх байдалд хүрэх бололтой. Тус компанийг 2018 оны зургаадугаар сараас М.Ганбаатар удирдаж байан.
Энэ оны эхээр хэвлэлүүд Тавантолгой түлш компанид очсоноос хойш захирал М.Ганбаатарын орлого бараг хоёр дахин нэмэгдсэн болохыг мэдээлж байлаа. Мөн Таван толгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд 8.2 сая төгрөгийн цалинг илүү тооцоолж олгосон баримтууд ч яригдсан нь ажилчдын цалинтай харьцуулахад их хэмжээний мөнгө юм.
Сайжруулсан түлшний уутыг Хятадад захиалгаар хийлгэдэг, Тус компани 3.9 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлэх гэрээг үзэглэсэн гэх мэт баримтууд яригддаг. Эдгээрийг шалган эцэслэж, ажилчдын эрх ашгийг жинлэхгүй бол үйлдвэрлэгчид хохирч, дагаад нийслэлийн гэр хорооллын өрхүүд гал алдаж, Засгийн газрыг дахин цочоох нөхцлийг бий болгох нь гарцаагүй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сард сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулсан. Тус компанийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 2000 гаруй ажилтан ажилладаг. Ковид-19 цар тахал дэгдсэний дараа 2020 оны арванхоёрдугаар сараас тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний нэг шуудайн үнийг Засгийн газрын тогтоолын дагуу 50 хувь хямдруулан худалдаалж эхэлсэн. Хямдрал ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилж, алдагдлыг Засгийн газар цар тахлын онцгой үеийн нөхцөл байдлаар зохицуулахаар шийдвэрлэсэн байгаа билээ.
Д.ЖАРГАЛАН