УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал авах байранд ажиллах ажиглагчдийг бүртгүүлэх хүсэлтээ ирэх сарын 5-ны дотор хэсгийн хороодод хүргүүлэхийг СЕХ-ноос улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдэд анхааруулав.
Мөн СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод нам, эвсэл, нэр дэвшигчээс томилсон ажиглагчдыг хуульд заасан эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагааг ажиглах боломжоор хангах, ажиглагчдыг бүрэн оролцуулахад анхаарч хамтран ажиллах чиглэл өгөв.
Бүх шатны сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхэд сонгууль ажиглагчийн үүрэг чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд 4 хүртэл ажиглагчийг томилон ажиллуулах эрхтэй байдаг аж. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн байж болно. Харин нэр дэвшигч, төрийн албан хаагч ажиглагчаар ажиллахыг хуулиар хориглодог байна.