Афганистанд үүсэж болзошгүй аюулын эсрэг ажиллагаа явуулахад Төв Ази дахь ОХУ-ын цэргийн баазуудыг ашиглах боломжийг АНУ Москватай хэлэлцэж байгаа талаар Wall “street journal” сонин мэдээлжээ. Энэ асуудлыг Фиэландын нийслэл Хельсинкид уулзсан АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милл, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов нар хэлэлцсэн байна.
“Коммерсант” сонинд мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард Орос, Америкийн Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин Афганимтаны талаарх үйл ажиллагаагаа харилцан зөвшилцөж байх саналыг тавьсан байна. Тухайлбал, Тажикистан, Киргик дэх Оросын цэргийн баазуудыг ашиглахыг америкчуудад тэрбээр санал болгосон гэнэ.
Агаарын орон зай, нутаг дэвсгэрээр цэргийн ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх замаар ОХУ хэдэн жилийн өмнө НАТО-гийн орнуудад Афганимтанд ажиллагаа явуулахад тусалж байсан. Эл ажиллагааг 2009-2015 онд явуулжээ.
2010 онд энэ тусламж албан ёсоор дэмжигдэж ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев сайшаасан юм. Түүнийг НАТО Португалын нийслэл Лисбонд болсон дээд хэмжээний уулзалтдаа урьсан билээ.
Түүгээр зогсохгүй ОХУ-ын Ульяновск хотод НАТО-гийн дамжин өнгөрөх тусгай цэг байгуулах гэж байсан юм. Оросын нутаг дэвсгэрээр НАТО-гийн ачааг ОХУ-ын нисэх онгоц болон галт тэргээр тээвэрлэсэн аж. Үүнээс ОХУ-д орлого орсныг тэр үеийн Шадар сайдаар ажиллаж байсан Дмитрий Рогозин мэдэгджээ.
АНУ-ын Сенатад эл мэдээлэлд болгоомжтой хандаж буйг хэвлэлд бичсэн байна. ОХУ-той терроризмтой тэмцэх талаар цэргийн хамтын ажиллагааг ямар нэг хэлбэрээр явуулахгүй байхыг Жо Байдены засаг захиргаанд Бүгд найрамдах намын гишүүн хэд хэдэн сенатч сэрэмжлүүлжээ. ОХУ терроризмын аюулын тухай мэдээ нийлүүлэхээсээ илүүтэй АНУ, түүний холбоотнуудын тухай тагнуулын үйл ажиллагаа явуулна гэж тэдний мэдэгдэлд дурджээ. Тэгээд ч Америк болон Орос цэргийн талаар хамтран ажиллахыг хуулиар хориглосон байдаг аж.
Тажикистанд ОХУ-ын цэргийн 20 дүгээр бааз байдаг. Тэнд 6000 хүртэлх цэрэг байрладаг гэнэ. Нийслэл Душанбегаас холгүй орших цэргийн “Айни” нисэх буудалд “Ми-8” болон “Ми-24” нисэн онгоцууд бий аж. Киргиз нь Оросын ч, Америкийн ч цэргийн баазууд байсан дэлхийн ганц улс. “Манас” нисэх буудлаар 2001-2004 онд Афганистан руу цэргийн ачаа тээвэрлэж, 26 орны таван сая цэрэг дамжин өнгөрсөн. 2014 онд Киргик АНУ-тай гэрээгээ цуцалсан билээ.