ИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт маргааш 10.00 цагт болно. Нээлтийн дараа буюу 14.00 цагт УИХ-ын чуулган хаалттай горимоор хуралдах бөгөөд чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр товлосон байна.
УИХ-ын тухай хуульд “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасны дагуу УИХ-ын чуулганыг дээрх хугацаанд эхлүүлэх юм. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аас баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол мягмар, лхагва гарагт Байнгын, дэд, түр хорооны хуралдаан болно. Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.