Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас “Хямралын үеийн тээвэр, дамжин өнгөрүүлэх тээврийг хөнгөвчлөх нь: КОВИД-19 цар тахлаас авсан сургамж” хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд зохион байгуулав.
ДХБ-ын “Public Forum 2021”-ийн үеэр зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг нээж Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ коронавируст цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн худалдааны хэмжээ 5.3 хувиар буурсан гэдгийг онцолсон байна.
Гэхдээ улс хоорондын худалдаа эргэн сэргэж, түүнийг дагаад чингэлэг тээврийн эрэлт огцом нэмэгдэн, энэ оны 9 дүгээр сард чингэлэг тээврийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн байгааг дурдлаа. Тэр дундаа Монгол Улсад хүрэх чингэлэг тээврийн үнэ 6 дахин нэмэгдсэн байгааг онцлов.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Худалдааг хөнгөвчлөх тасгийн дарга Пол Хансен, ДХБ-ын мэргэжилтэн Вяра Филипова, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн судлаач Ж.Энхтуул, Deutsche Post DHL компанийн Худалдааг хөнгөвчлөх хэлтсийн дарга Стивен Поп нар илтгэгчээр оролцож, олон улсын худалдаан дахь тээвэр, нэн ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй улсуудын дамжин өнгөрүүлэх тээвэрт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, бодлогын зөвлөмжийн талаар санал солилцов.
ДХБ-ын Public Forum нь 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын худалдаанд чухлаар тавигдаж буй цаг үеийн онцлог асуудлуудаар төр, хувийн хэвшил, судлаач, эрдэмтэн, оюутан зэрэг сонирхсон бүхий л хүмүүс хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөтэй санал солилцох талбар юм.
“КОВИД-ийн дараах худалдаа: хямралыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх нь” ерөнхий сэдвийн дор болж буй энэ удаагийн Public Forum-ын үеэр 100 гаруй сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнөж буй бөгөөд манай улс ийнхүү анх удаа тусгай хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.