“ICE Futures” биржийн арилжааны мэдээллээр Европт хийн үнэ мянган шоо метр нь 1050 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Европын хамгийн хөрвөх чадвартай бирж болох Нидерландын TTF биржийн индексээр лхагва гаргийн арилжаа эхлэхэд хийн үнэ 955 орчим ам.доллар байсан бол өдрийн туршид өсөж, 1064 ам.долларт хүрсэн байна. Энэ нь мягмар гаргийн арилжааны дундаж үнээс 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнө нь хийн үнэ мягмар гаргийн арилжааны явцад хамгийн дээд үзүүлэлтэд хүрч 1040 ам.доллароос давжээ. Арилжаа мянган шоо метр тутамд 940 ам.доллароор хаагдсан бөгөөд дундаж үнэ нь 960 ам.доллар байсан байна.
Европт хийн үнэ огцом нэмэгдэж байгаа юм. Наймдугаар сарын эхээр Нидерландын TTF индексээр ойрын саруудад нийлүүлэх фьючерс хэлцлийн дундаж үнэ мянган шоо метр нь 515 орчим ам.доллар байсан бол наймдугаар сарын сүүлчээр 600 ам.доллар болсон байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт хийн үнэ бараг хоёр дахин өсжээ. Наймдугаар сард 10 дугаар сарын фьючерс хэлцлийн үнэ мянган шоо метр нь 500 орчим ам.доллар байсан бол есдүгээр сарын 1-нд 614 ам.доллароор худалдаж авах боломжтой байв.
Шинжээчид үүнийг Европын хий хадгалах байгууламжуудын нөөц бага байгаатай, түүнчлэн эдийн засаг сэргэхийн хэрээр эрэлт нэмэгдсэнтэй, мөн цаг агаарын хүчин зүйлүүд, байгалийн шингэрүүлсэн хийн зах зээлд Азийн орнуудтай өрсөлдөөн нэмэгдэж, Европын томоохон нийлүүлэгч болох “Газпром” компанийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотой гэж үзэж байна.
АНУ-д энэ төрлийн түлшний үнэ мөн өсөж байгаа бөгөөд 2014 оноос хойш анх удаа сая MMBtu (британийн дулааны хэмжих нэгж) нь 6.15 доллар давжээ.