Улсын өрийн таазыг нэмэгдүүлэх, эсвэл царцаахгүй бол 10 дугаар сар гэхэд улсын мөнгөний нөөц дуусна гэж АНУ-ын Сангийн яам өнгөрсөн анхааруулжээ. Энэ зөвлөмжийн дагуу Лхагва гаригт АНУ-ын Конгрессын Төлөөөлөгчдийн танхим улсын өрийн дээд хязгаарын хэрэгжих хугацааг 2022 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Хуулийн төсөлд Бүгд найрамдахчууд таатай хандаагүй бөгөөд санал хураалтын дүн 219:212 гишүүний харьцаатай, тун багахан зөрүүтэй гарчээ. Өрийн хязгаарыг зогсоохыг 2019 хууль тогтоогч дэмжсэн бол 212 нь дэмжээгүй байна.
Хуулийн төслийг Конгрессын сенатаар хэлэлцэх гэж байгаа бөгөөд сенатад Бүгд найрамдахчууд энэ санаачилгыг дэмжихгүй байх магадлал өндөр гэж Америкийн хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.
Өнгөрсөн долоон сард Сангийн сайд Жаннет Йеллен конгресстоо захидал илгээж, хэрэв улсын өрийн таазыг 07 дугаар сарын 31 хүртэл нэмэгдүүлэхгүй, эсвэл зээлжилтийн дээд хязгаарыг зогсоохгүй бол улс орон дефолт зарлах хэмжээнд хүрнэ гэдгийг сануулсан учраас Конгресс аль болох шуурхай арга хэмжээ авахыг хичээж байна.
Гэвч Конгресс дэх бүгд найрамдахчууд энэ санаачилгыг зогсоохын төлөө боломжтой бүхий л арга хэмжээгээ авч ажиллана гэдгээ зарлаад байгаа аж. Тэд АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден болон Ардчилсан намынхныг зардлаа танах юм уу улсын өрийг багасгах өөр арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байгаа аж.
АНУ-д наймдугаар сарын 1-нээс улсын өрийн хэмжээний хязгаарлалт мөрдөгдөж эхэлсэн. Хязгаарлалт хоёр жилийн турш хэрэгжээгүй. Энэ хугацаанд АНУ-ын өр төлбөр дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давж, энэ оны 06 дугаар сард 28,5 их наяд америк долларт хүрсэн юм. Улсын өрийн хязгаарыг 22 их наядын түвшинд тогтоожээ.
Өрийн тааз тогтоосноор АНУ-ын Сангийн яам улсын өрийн тодорхой түвшинд хүрэх юм уу тодорхой хугацааны дараа Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор шинэ бонд гаргах боломжгүй болдог байна.