Засгийн газар 2021 оны улсын төсвийг хэлэлцэхдээ 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байв. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны аравдугаар сард УИХ-ын чуулган дээр нүүрсний экспортын төлөвлөгөөг танилцуулж, энэ хэмжээний экспорт хийхийн тулд Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн тээврийн гарцыг нэмэх хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байлаа.
Коронавирут халдварын тархалтын эдийн засагт үзүүлж байгаа таагүй нөлөө өнөөдөр ч үргэлжилж байна. Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэхдээ эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байгааг дуулгав.
Өнгөрсөн онд 42 сая тонноор арай өөдрөгөөр төсөөлж байсан нүүрсний экспорт 50 хувиар буурч энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна гэж Сангийн сайд мэдэгдэв.
Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна.