Засгийн газар хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогыг үе шаттайгаар эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2022 оны эхний хагас жил буюу долдугаар сарын 1-н хүртэл сонголттойгоор олгохоор болсон билээ.
Энэ нь эцэг эхчүүд авч хэрэглэж болно, эсвэл хуримтлалд шилжүүлж болно гэсэн үг юм. Хуримтлал нь инфляцаас хамгаалагдсан, арилжааны хүүгээр өссөн, Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх гэнэ.
Харин 2022 оны долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгаас доошгүй нь хадгаламжид хуримтлагдана. 50 мянга хүртлэх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно. Ингэснээр халамжаас хуримтлал руу шилжих боломжийг иргэдэд олгож байна гэж Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдлээ. Засгийн газар ирэх онд тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй юм байна.