Хятадаас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагонаар нэмэгджээ.
Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж буй аж. Эхний ээлжийн 50 вагон есдүгээр сарын 26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон энэ сарын 27-ны өдөр, гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж иржээ. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан, өнөөдөр 12:00 цагт Эрээн боомтод ирсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өглөө.
Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.