Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд зарлав. Тэрээр ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээн авч буйгаа илэрхийлээд, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлж, эдийн засгийн хямралыг даван туулж иргэдээ сайхан амьдруулахын төлөө ажиллана гэж мэдэгдлээ.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн миний бие ард түмнийхээ Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн санал, санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэмжиж оролцсон Монголын ард түмэндээ, миний сонгуульд ажилласан намын гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхэнд сайн сайхныг хүсч, ажлын амжилт хүсье.
Монгол Ардын нам хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч бид бүхэн ард түмнийхээ өмнө амласан, хийж эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.
Монгол Улсын Их хурлын даргын хувьд би Сонгуулийн ерөнхий хорооны эцсийн дүн гарч, сонгуулийн тайланг УИХ-д өргөн барингуут ээлжит чуулганыг зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулна. Энэ арга хэмжээг үндэсний их баяр наадмын өмнө шуурхай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзсэн.
Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордонд зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч, ажлаа өндөрлөж буй Ерөнхийлөгч хооронд тамга хүлээлцэх арга хэмжээг зохион байгуулахаар бодож тооцсон.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тамга хүлээлцэх асуудлаар санал бодлоо солилцлоо.
Сонгуулийн үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх, тамга хүлээлцэх үйл явдлаар бүрэн дүүрэн өндөрлөж, монголчууд үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх ажилдаа орж, сайхан баярлаж, сайхан наадаж, энэ жилийн үндэсний их баяр наадмаар бөхчүүд нь хүчтэй, хурдан хүлгүүд нь шандас сайтай, унасан хүүхэд нь цог золбоотой, харваачдын сум онч мэргэн байх ерөөлийг дэвшүүлж, ард түмэндээ сайхан наадахыг хүсч байна.