УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газарт хугацаатай даалгавар өглөө.
Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаар, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв.
Түүнчлэн холбогдох хуульд нь их суудлын хуралдаан шийдвэрээ нийт гишүүдийн гуравны хоёроор гаргах ёстой хэмээн заасан байхад, тус их суудлын хуралдаанаар “ердийн олонх” буюу тавны дөрөв харьцаагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдээлээд, холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Б.Энхбаяр гишүүний мэдээлэлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, хариулт авав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.
Байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын баг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын баг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв.