Нийслэлийн гал унтраах ангийн сураггүй болсон 25 гал сөнөөгчийг эсэн мэнд олж, хот руу онгоцоор авчирч байгаа аж.
Гал сөнөөгчид 10 хоногийн өмнө Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан бөгөөд өнгөрсөн лхагва гаригаас эхлэн холбоо тасарчээ. Тэд сураггүй болохоосоо өмнө түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүссэн байна.
Энэ сарын 6-нд гал сөнөөгчдийг авахаар хотоос машинтай хүмүүс очсон боловч тэд хоорондоо зөрж, холбоо тогтоож чадалгүй өнжсөн аж. Тэднийг олохоор эхний өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байжээ. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар өнөө өглөө нисдэг тэрэг гаргаж тус сумыг зорьсоноор ийнхүү олсон аж.