Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардан Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдлын хүрээнд Төрийн ордонд сэтгүүлчдийн сурвалжлах эрхийг хязгаарлаад хоёр жил болж байна. Гэсэн хэдий ч өөрсдөө тогтоосон хууль, дүрэм журмаа зөрчин талбай дүүрэн хүн цуглуулж, тоглолт хийдэг атлаа сэтгүүлчийн сурвалжлах үйл ажиллагаанд саад болж болохгүй хэмээн үзэж байгаа юм.
Тиймээс парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй сэтгүүлчид нэгдэн Төрийн ордонд сэтгүүлчдийн мөрдөх журам, түүнд заагдсан хэвлэлийн эрх чөлөө зөрчсөн заалтуудаа эргэж харах шаардлагыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүллээ.
УИХ–ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар хэлэхдээ “Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид хүрээ хязгаартай ажиллаж байсанд миний хувьд сэтгэл зовниж байсан. Тиймээс түр журмаа өөрчлөх бодолтой байна. Хэвлэлийн алба хариуцаж байгаа хүний хувьд сэтгүүлчдээ ажиллах боломжоор хангах юмсан гэсэн бодолтой байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэвлэлийн албадын дарга нар уулзаж байгаад гарч ирлээ. Холбогдох байгууллагуудад та бүхний шаардлагыг хүргүүлнэ. Маргаашнаас эхлээд хамтарсан ажлын хэсэг байгуулъя. Тиймээс ажил хэрэгч байдлаар богино хугацаанд асуудлаа яриад, журмаа хамтарч гаргах саналтай байна” гэв.