Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон билээ.
Есдүгээр сарын 23-ны байдлаар торгууль хүлээсэн нийт жолооч нарын 22.6 хувь нь торгуулиа төлсөн байсан ч энэ долоо хоногийн Даваа гаригаас эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв торгууль төлөх гэсэн жолооч нарын хөлд дарагдах болжээ.
Аравдугаар сарын 1-нээс өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн торгуулиа төлөхөөр ирсэн жолооч нар урт дараалал үүсгэж байгаа бөгөөд энд халдвар хамгааллын дэглэм сахих, хүн хоорондын зайг барих гэх мэт Ковид-19 халдварын үеийн онцгой дэлгэм мөрдөх тухай яриад ч хэрэггүй болжээ.
Торгууль төлөх аппликэйшн, торгуулийн систем ачааллаа дийлэхээ больж гацаж байгаа нь үйлчилгээний төвүүд, банкин дээрх оочер дугаарыг ихэсгэж байна.