Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр:
Улсын хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн үлдэгдэл нөөц дуусаж байгаа. Төлөвлөсний дагуу ОХУ-аас нийлүүлэх 1500 орчим тонн шатахууны 1200 орчим нь өнгөрсөн шөнө ирж, ШТС-ууд хуваарийн дагуу авч байна. БНХАУ-аас ирэх хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр үдээс хойш 17:00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.
Бид энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр хэвийн байдалдаа орох болов уу гэсэн хүлээлттэй байна. УУХҮЯ болон Засгийн газрын зүгээс цар тахлын үед ард иргэдийнхээ ахуй амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг оны эхэнд гаргасан. Ингэхдээ ард иргэдийн 60 хувийг вакцинжуулах хүртэл нефтийн үнийг тодорхой хэмжээнд барих чиглэлийг ААН-д өгсөн бөгөөд ААН-үүд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн гүйцэтгэсэн. Компаниуд алдагдалтай ажилласан бөгөөд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны тооцоод явж байгаа.
Үнийн бодлогын тухайд гэвэл ААН-үүдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид үнийг чөлөөлөх байр суурьтай ажиллаж байгаа. Ард иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 автобензиний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэх бодлогод урт хугацаандаа аажмаар шилжинэ гэж мэдэгдэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ төсөл одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж яваа. Мэдээж цар тахлын нөхцөл байдал тойрч гараагүй, дайрч өнгөрсөн. Энэ цаг хугацааг нөхөхийн тулд Энэтхэг улсын төслийн зөвлөх компанитай хамтын шийдэл гаргахаар ажиллаж байгаа.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэр нь маш өндөр технологи шаарддаг учир тусгай зөвшөөрлийн тухайд өндөр хяналттайгаар нухацтай хандаж олгож байна гэв.