Афганистаны Засгийн эрхийг Талибан хөдөлгөөн гартаа авснаас хойш тус улс оронд тодорхойгүй байдал, эмх замбараагүй байдал даамжирсаар Кабулын оршин суугчид шинээр тулгарсан хүндрэл, бодит байдлыг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Арилжааны банкууд бэлэн мөнгө авах хүсэлтэй иргэдэд тодорхой мөнгөн дүнгийн квот тогтоож, Кабулын оршин суугчид үнийн өсөлт, эмийн хомсдолтой нүүр тулгарч эхэлжээ. Орлогын асуудал, шаардлагатай бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангах асуудал хотын иргэдэд нэн тэргүүнд тавигдаж байна гэж оршин суугчид өгүүлж байгаа аж.
Афганистаны байдал ноцтой байдалд ойрхон байна. Талибуудад харин тулгарч буй бэрхшээлүүд байна вэ?
ТАСС -ийн сурвалжлагчийн мэдээлснээр, гаднаас харахад Афганы нийслэлийн гудамжууд өмнөхөөсөө илүү тайван, аюулгүй мэт санагдаж магадгүй юм. Талибаны “Бадри 313” батальон хотын дэг журмыг хариуцах албанд томилогджээ. Автозамын завгүй хөдөлгөөнийг ихэвчлэн хувийн таксины жолооч нар, жижиг оврын автобусны эзэд бий болгож байгаа бөгөөд Кабулд нийтийн тээвэр ажиллахаа больжээ.
Гэвч жолооч нар шатахууны үнийн өсөлтөөс болж бараг мөнгө олж чадахгүй байна хэмээн гомдоллох аж. Тус улсад бензиний үнэ 8-р сарын эхэн үетэй харьцуулахад 20-40 хувиар өссөн. Тогтвортой байдал байхгүй болсон. ШТС-уудын дараалал нь ямар нэгэн зүйлийг төлөвлөх, тооцоолох боломжийг олгодоггүй хэмээн жолооч нар хэлж байна.
Өнгөц харахад хотын захуудад өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилж байна. Хувийн дэлгүүрүүд нээлттэй. Гэхдээ ихэнх нь Иран, Пакистанаас импортоор орж ирсэн бүтээгдэхүүн зарж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь худалдагч, худалдан авагчдын сэтгэл санаанд эерэг биш сөрөг нөлөө үзүүлэх аж.
Шаардлагатай эм, тэр ч байтугай аспирин дутагдалтай байгаа нь иргэдийн баяр баясгаланг унагааж байгаа юм. Гурилын үнэ 30 хувиар, хүнсний ногооны үнэ 50 хувиар, зарим үр тарианы үнэ, мөн шаардлагатай олон эмийн үнийг нэмэгдсэн гэж хотын иргэд ярьж байна.
Зарим бэрхшээл нь банкнаас болон үүссэн байна. Банкууд бэлэн мөнгө авахад хязгаарлалт тавьсан. Нэг хүн долоо хоногт 20 мянган Афгани эсвэл 200 доллараас хэтрэхгүй мөнгө авах квоттой болжээ. Ийм хэмжээний мөнгө авахын тулд хүмүүс банкинд бүртгүүлнэ, бүртгэл хийлгэхийн тулд асар урт дараалалд зогсох шаардлагатай болж байгаа аж. Энд олон улсын шилжүүлэг хязгаарлагдмал болсон байна.
Орлогын алдагдал, үнийн өсөлтөөс шалтгаалан энэ ард түмний өмнө оршин тогтнох тухай асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд ард иргэдийн цөхрөлийн байдал нь ядуурлын аюулаас үүдэлтэй гэж Кабулын оршин суугчид ярьсан байна.
Эх сурвалж: ТАСС