Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үр нөлөө, тархалтыг бууруулах зорилгоор ажилтнуудаа дархлаажуулалтад хамруулах, үүнийг нь хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг олон улсын томоохон компаниуд авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Тэгвэл “Amazon” компанийн зүгээс ачааны агуулахт ажилладаг, вакцины бүрэн тунд хамрагдсан ажилтнуудаа 100,000 ам.доллараар урамшуулж, автомашин бэлэглэх болсон байна.
Тус компани долоо хоног тутам тодорхой тооны ажилтнуудаа урамшуулах байдлаар засгийн газрын авч хэрэгжүүлж вакцинжуулалтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй аж. Эдгээр урамшуулалд, цалинтай амралт, 12,000 ам.доллартай тэнцэх хэмжээний ээлжийн амралтын урамшуулал болон 100,000-500,000 долларын бэлэн мөнгө зэрэг санал багтжээ. Мөн компанид шинээр элсэн орж буй, вакцинд хамрагдсан ажилтнууддаа 100 ам.долларын урамшуулал олгодог байна. Үүний тулд, уг компанийн ажилчид өөрсдийн вакцинд хамрагдсан гэдгээ батлах баримт бичгийг цахимаар илгээхэд л болох юм.
Гэвч “Amazon” компанийн удирдлагууд ажилтнуудаа заавал вакцинд хамрагдахыг шаардахгүй байгаагаараа онцлогтой. Үүнтэй холбогдуулан, тэд албадлага, шаардлагын аргаар бус урамшууллын аргыг ашиглах нь илүү үр дүнтэй бөгөөд компанийн дотоод уур амьсгалыг бэхжүүлэхэд үр дүнтэй хэмээн үзэж буйгаа дурдсан билээ.
Түүнчлэн тус компанийн зүгээс ажилтан, албан хаагчиддаа зориулж 1500 гаруй вакцинжуулалтын цэг байгуулаад байгаа бөгөөд коронавирусний дельта хувилбар эрчимтэй тархаж буй өнөөгийн нөхцөлд хурдан, шуурхай шинжилгээ авах цогц хөтөлбөр боловсруулж байгаа талаараа мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNBC