Зуун хувь импортоор оруулж ирдэг учраас нефтийн бүтээгдэхүүн нь Монголын зах зээлийн хамгийн эмзэг асуудлын нэг юм. Долдугаар сарын эцсээр ОХУ авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-ийг хүртэл түр хязгаарлахаа мэдэгдсэн нь эмзэг зах зээлд дориухан анхааруулга болж өгсөн юм.
Гэвч нөөц нь хараахан шавхагдаагүй зах зээл сэдвийг тэгсхийгээд хайхралгүй орхисон. Хэрэглэгчид тайвширсан өөр нэг шалтгаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэгдэл ч нөлөө үзүүлсэн. Нефтийн импортыг төрийн талаас анхаарал тавьдаг энэ газрууд “ОХУ-аас нийлүүлдэг шатахууныг БНХАУ-аас бүрэн авна” хэмээн амласан нь хэрэглэгчдэд амархан хүрч, төрийнхөнд бол цагаа олсон тайвшруулах тарилга болж өгсөн билээ.
Яг долоо хоногийн өмнө Даваа гаригт ШТС-ууд АИ-92 бензинд 30.000 төгрөгийн квот тогтоож байгаа мэдээ тархаж, өмнөх амралтын өдрүүдээр шатахуун хайж явсан хүмүүс цахим орчинд бухимдлаа илэрхийлээд эхэлсэн байв. Унаа тэргээ тавьж явган таваргах вий, бензиний үнэ нэмэгдэх вий, араас нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөх байх гэж болгоомжилсон олон нийт Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг онилон шүүмжилж байлаа.
Шатахууны дуулиан Засгийн газрыг түргэн авахууллаа
УУХҮЯ болон Ашигт малтмал, газрын тосны газар яаран хэвлэлийн хурал хийж хоёр хөршөөс авах шатахуун саатаж байгааг учирласан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бараг бүтнээр нь хөдөлгөн Шадар сайд, УУХҮ-ийн сайд, Сангийн сайд нараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзуулж, Америкт айлчилж яваа Гадаад хэргийн сайдаа сандаргаж, Москва, Бээжинд суугаа Элчин сайд нарыг зандарч, нефть импортлогчдыг УУХҮ-ийн яамныхантай Москва руу илгээж “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзууллаа.
Шатахууны хомстлын шуугиан өрнөхийн өмнөхөн тэрбумын өртөгтэй дижитал шоу дэмжин, Covid-19 цар тахлын үеийн дэглэмээ онц ноцтойгоор зөрлөө гэсэн хэл аманд өртсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхдээ энэ өдрүүдээр нэг ч удаа ил гарч ирсэнгүй. Хэдэн сайд нар нь л бужигнаж, Москва-Улаанбаатар-Бээжинг холбон гүйлдэж, хоёр хөршдөө хадаг барьж очлоо. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг юмаа гэдгийг АИ-92 бензин амьдралаас тасарсан, туршлага муутай Ерөнхий сайдад хачин сайн ойлгуулж өгөв бололтой.
Гэхдээ Ерөнхий сайд зүгээр суугаагүй. Шатахууны хомстлыг хэсэг бүлэг хүмүүс бий болгосон. 3-9 үсэгтэй компаниуд санаатайгаар үүсгэсэн хэмээн хэлсэн талаар олон нийтийн сүлжээнийхэн багагүй ярилцлаа. Сод Монгол, НИК Петровис, АПУ Шунхлай гээд 3-9 үсгэн дотор багтсан үсэгтэй, улс төрч эзэдтэй нефть импортлогчдын хэн нь ийм бойкот хийсэн бэ гэдгийг харин Л.Оюун-Эрдэнэ нэрлэсэнгүй.
АИ-92 бензиний эрэл улс төрчдийн пиар өрсөлдөөн болж хувирав
Есдүгээр сарын 23-ны Пүрэв гаригт Монголын төлөөлөгчид Москвад Роснефть компанийнхан уулзаж байгаа мэдээлэл ирэв. Уулзалтын анхны мэдээг Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг олон нийтийн сүлжээний өөрийн хуудсаар цацсан юм. Мэдээ иргэдийн хувьд тайвшрал авчирсан ч нөгөө талдаа АИ-92 бензинээр цангасан зах зээлийг хэн цатгаж чадах вэ гэдэг улс төрч эзэдтэй шатахуун импортлогч, засгийн эрхийг барьж байгаа намын улс төрчдийн дундах уралдаан болж хувирсан шинж харагдаж байлаа.
О.Содбилэгийн мэдээнээс өмнө “Хөөрхий өнөө Ц.Анандбазар Хятадаас шатахуун оруулж ирэх гэнэ, хилийн бичиг баримт хөөцөлдөөд явж байна гэнэ” гэсэн зурвасууд “Оруулаад ирснийх нь дараа би гээд гүйнэ дээ” гэсэн тохуурхалтай хамт олон нийтийн сүлжээнд үзэгдэж байсныг энд онцлох нь зөв байх.
Нефть импортлогчид энэ удаа шатахууны хомстлоос Засгийн газар биш, бид та нарыг гаргаж байна гэсэн ойлголтыг өгөхөөр чичирсэн бол Засгийн газар ч зүгээр суусангүй. Москвад уулзалт хийж яваа Төрийн байгууллагуудын бүх төлөөлөгчдийн нэрсийг мэдээллийн хэрэгслээр дэлгэж, тэнцвэр барихыг хичээлээ.
Шатахуун олж ирсэн эзэн нь хэн юм бэ гэдгийг харуулах гэж хичээсэн хоёр талын мэдээллүүд шатахуунгүй зах зээл дээр хэн хэн шатахуунаар шатар тоглож байгааг харуулаад байв.
Шатахуун импорлогчид юу ярив?
Шатахуун яагаад хомстсон талаар импортлогчид бараг ганц ч үг ган хийгээгүй. УУХҮ-ийн яам, АМТГТ-ын хэвлэлийн хурал дээр Петростар ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа Петровис ХХК-ийг төлөөлөн ярихдаа:
“Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна. Энэ нөөцийг долоо хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон. Петровис компани АИ-92 бензинийг 2050 төгрөгөөр борлуулж байна. Өртгөөсөө 123 төгрөгийн алдагдалтай үнээр борлуулж байгаа гэсэн үг. Өнөөдрийг хүртэл зөвхөн АИ-92 бензинтэй холбоотойгоор 28 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Зах зээлийн хуулиараа явбал АИ-92 2200 төгрөг дээр очих ёстой. Засгийн газраас КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барь гэж байгаа. Түүний дагуу үнээ барьж байна” гэж мэдэгдсэн байгаа гэж хэлсэн.
Бусад импортлогчид хэлэлцсэн юм шиг ам нээгээгүй ч, ОХУ, БНХАУ-аас шатахуун ачигдах сургаар жижиг нефть импортлогчид учир битүүлэг шийдвэрүүдийг гаргаж байв.
“Синчи фүүдс” махны бонусанд АИ-92 шахав
“Синчи фүүдс” бол нефть импортлогч дотроо жижиг, дунд ангилалд орох байх. Нийслэлд байрлах ШТС-уудын тоо ч “аварга”-уудтайгаа харьцуулахад цөөхөн. Хүний анхаарлыг татаад байдаггүй энэ компанийн ШТС-ууд шатахууны хомстлыг шахааны бизнестэй хослуулан ажиллах гэж үзсэн.
Өөрийн сүлжээ дэлгүүрүүдийн махыг бензинд оочерлож байгаа нөхдөд шахан борлуулаад бонусанд АИ-92 өгнө гэдэг болзлоо тус компани зовох юмгүй хэрэглэгчдэд тулгасан байдаг. Хүмүүс хэл амгүйхэн мах аваад л байсан бол “Синчи фүүдс”-ийн АИ-92 ундраад л байх байсан юм биш үү. Гэвч иргэд гомдол гаргасан. Харин “Синчи фүүдс” энэ хачин шийдвэр ШТС-ууд АИ-92 бензинээр таг суучхаагүй юм биш үү гэдэг эргэлзээг төрүүлж орхисон юм.
Өөр нэг жижиг импортлогч АИ-92 бензинийг хязгааргүй олгов
Улаанбаатар АИ-92 бензинээр 0 зааж, бүр таг суучхаагүй юм биш үү гэсэн таамаглалыг төрүүлсэн өөр нэг жижиг импортлогч бол Мон-Суль ХХК. Зах зээлийн зэрэглэлийн хувьд “Синчи фүүдс”-ээс онцын ялгарахгүй байх, мөн л жижиг, дунддаа орно.
Энэ компани Баасан гаригт нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн шатахууныг ШТС-уудаараа ямар нэгэн хязгаарлалтгүй, хэвийн олгохоо зарласан билээ. Мэдээж энэ дунд Улаанбаатарынхны унааг тэжээдэг АИ-92 шатахуун багтсан.
ШТС-ууд нь автомашины банк дүүргэн өгч байсанд иргэд талархаж байгаа бол Шунхлай, НИК, Петровис, Сод Монгол, МТ-ын араас нэрлэгдэх Мон-Суль хэмээх импортлогч бас байдаг юм байна гэсэн мэдээ ямар ч рекламнаас илүү нийгэмд хүрч чадсан юм.
Шатахууны хомстлыг энэ компани нэг талдаа реклам болгон ашигласан ч, нөгөө талдаа АИ-92 үнэхээр тасарсан уу. Нефть импортлогчид үнээ нэмэх гээд крантаа хаачихсан юм биш биз. Тэд Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөхдөө ард түмнийг хөлдөө чирсэн юм биш байгаа гэсэн таамаглалыг дагуулж байна.
Хотын дарга “улайв”
АИ-92 бензиний дуулиан шуугиан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумьяабазар нарын хамаарал бүхий нефтийн “Эрчис ойл” нэртэй компанийг нийтэд мөн танилцуулсан байгаа. Тэд энэ компанийг байгуулаад нефть импортлогчоос 100 тэрбумын хөрөнгө татахыг завдсан гэсэн мэдээлэл тарсан юм.
Өөрийнх нь нэр холбогдсон “Эрчис ойл” гэдэг компанийн талаар Л.Оюун-Эрдэнэ мөн л юу ч дуугарсангүй. Нефть импортлогчид ч энэ яриаг нотолсонгүй. Гэхдээ Хотын дарга Д.Сумьяабазар мэдээллийг нотолсон.
Баасан гаригт Д.Сумьяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө: “Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой төвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан” гэж мэдэгдсэн ч нефть импортлогчоос татахыг завдсан 100 тэрбумын хөрөнгө талаар тайлбар хэлсэнгүй.
“Эрчис ойл” компаниийг Засгийн газар баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн харьяанд газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах үүрэгтэй Төрийн өмчит компани болон байгуулж байсан. Өнгөрсөн 2020 оны аравдугаар сард “Эрчис ойл” Төрийн өмчит ХХК болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 15 аж ахуйн нэгжийн хооронд “Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах” гэрээ байгуулагдаж байсан бөгөөд энэ гэрээгээр шатахууны 1400-1450 төгрөгт тогтвортой барьж байгаа тухай албан ёсны мэдээ гарч байв.
Харин энэхүү “Эрчис ойл” нэртэй компаниас болоод нефть импортлогч хувийн хэвшлийнхэн ба Засгийн газар хоёрын дунд зөрчил үүссэн байж болзошгүй байна. Төрийн өмчит компани ба хувийн хэвшлийн нефть импортлогчдын дунд үүссэн зөрчил нийгмээ хөлдөө чирч, Засгийн газраа дарамтлах, шатахуунаар бойкот хийх алхам руу түлхсэн юм биш биз.
Энэ хэрвээ үнэн бол нефть импортлогч Засгийн газар хоёрын дунд дэгдэх шуурга ганц нэгээр хэмжигдэхгүй, цаашид ч үргэлжилж магадгүй. Өчигдөр орой ОХУ-аас ачигдсан 1200 тонн АИ-92 шатахуун Улаанбаатарт буусан байгаа. Долоо хоногийн дундуур БНХАУ-аас ачигдсан АИ-92 шатахуун ирнэ. Ингэснээр шатахууны зах зээл бүрэн хангагдана гэсэн үг биш. Нөөц дундарна, дахиад л татах шаардлагатай тулгарна. Тэр бүрд нийгэм хямарч, юмны үнэ нэмэгдэж, иргэд хохирол амсах уу, нефтийн бизнес эрхлэгчдээ, Ерөнхий сайд аа!
Д.ЖАРГАЛ