АНУ-ын прокурорууд Баасан гарагт Хятадын Huawei Technologies Co компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуныг Канадаас шилжүүлэн авах хүсэлтээ цуцалжээ. Гурван жилийн өмнө “Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоу Канадад ирээд байхдаа Олон улсын хоригийг зөрчин Ирантай худалдаа хийсэн, олон улсын санхүүгийн байгууллагыг залилсан хэмээн буруутгаж, Канад улс түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилж, гэрийн хорионд оруулсан юм.
АНУ Мэн Ванжоутай тохиролцон 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл түүнд ял тулгахаа хойшлуулсан тул Ванжоу өнөөдөр Канадаас эх орон руугаа буцаж байгаа аж. Өчигдөр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо телевизээр Хятад улс 2018 онд саатуулсан Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спэйвор нарыг сулласан. Тэд эх орондоо ирж байгааг хэлсэн байна.
2018 оны 12 дугаар сарын нэгэнд Канадын хууль сахиулагчид “Huawei” компанийн захирлыг Ванкуверийн нисэх онгоцны буудалд саатуулан, АНУ-ын Нью-Йорк мужийн Зүүн тойргийн прокурорт шилжүүлэн өгөх асуудал яригдмагц БНХАУ Канадын хоёр иргэнийг баривчилж, Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан үйлдэл хийсэн гэж буруутгасан билээ.
АНУ болон өрнөдийн орнууд Хуавэйг тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын ажиллагаа явуулж, Хятадын эрх баригчдад тусалдаг хэмээн буруутгаж, 2019 онд АНУ Хуавэйн эсрэг худалдааны хориг зарлаж, гол технологиудаа нийлүүлэхийг хориглож байв.
Мэн Ванжоу 2018 оноос хойш Ванкувер дэх хувийн байрандаа хоригдож, өөрийг нь Канадаас АНУ-д шилжүүлэхийн эсрэг шүүхдэлцэж байсан юм. АНУ-д болсон шүүх хруалл Мэн Ванжоу цахимаар оролцож байсан бол Хятадад нэ оны гуравдугаар сард Канадын хоёр анхны иргэний шүүх хурал хаалттай болж өнгөрсөн юм.
АНУ-ын прокурорууд Мэн Ванжоуг буруутгасан банкны луйврын хэргийг хэрэгсэхгүй болгохоо мэдэгдсэн бол Хятадын тал Канадын хоёр иргэнийг сулласнаар талуудын дунд үүссэн нэг асуудал дуусгавар болж байгаа бололтой.