Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэж Засгийн газар өнгөрсөн жил мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд Хэнтий аймгийн төвд Эзэнт гүрэн цогцолборыг байгуулах, Их гурван хааны дүр, түүний орчны тохижилтын ажил өрнөж байгаа талаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Э. Мөнх-Эрдэнэ Монцамэ агентлагт мэдээлжээ.
Чингис хаан, түүний гутгаар хүү Өгэдэй, Чингис хааны ач хүү Хубилай нарын хөшөөг Хэнтий аймгийн унаган хүү зураач, барималч Ж.Нанзаддорж хийж байгаа. Эдгээр хаадуудын хөшөө нь өөртэй нь харьцдаг хөшөө гэдгээрээ Монголд ганц хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой хэмээн зарлагдаж буй хөшөөний сураг иргэдийг битүүхэн айлгаж байна.
Сүр дуулиантай зарлагдаж, 1.8 тэрбумыг залгиж орхисон “Андлалын хөшөө” гээчийг тойрсон үнэн бодит дүр зураг, үлгэр домог мартагдаагүй байна. Цар тахлын үед эдийн засаг царцаж сайнгүй байхад хөшөө, дурсгал гэх мэтийн тэвчиж болох хөрөнгө оруулалтаа зогсоовол дээргүй юу гэсэн зөвлөмж, зөвлөгөөг үл тоосон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дөргүй бух шиг зүтгэл энэ намар салхинд хийсч, Андлалын хөшөө гээч аймаар барималын дүр төрх зөвхөн фото зураг, олны хэл үг хоёрт л үлдсэн.
Харин яг одоо Хэнтийд сүндэрлэх 7 метр өндөр Эзэнт гүрэн цогцолборт Засгийн газар 7 тэрбумыг зарахаар шийдсэн байгаа. Жил жилийн төсөвт мөнгийг нь багтаагаад явах цогцолборт 2021 онд 870 сая төгрөг суулгасан тул ажил нь урагшилж байгаа юм байна.
Нийтдээ 5 га газрыг хамарч, баруун жигүүртээ түүх агуулсан, зүүн талдаа хүүхэд залуучуудын амралт зугаалгын бүс байх энэхүү цогцолбор нь төлөвлөгөө ёсоор 2024 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад орох юм байна. Их хэмжээний мөнгө зарцуулан хийж байгаа Эзэн хааны түүхтэй холбоотой бүтээн байгуулалтад иргэдийн анхаарлын төвд орж, Андлалын хөшөөнөөс болж хаширсан хүмүүс Хэнтийгээр бууж суусан хүн болгондоо цогцолборын сайн, мууг хэдэн жил дамжин ярих шинжтэй.
Уран барималч, аймгийн удирдлагууд, Засгийн газар хичээхгүй бол 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН түүх агуулсан хөшөө дурсгалтай холбоотой хоёр дахь шокоо амсаж, парламентын сонгуульд ялагдал ч хүлээж магадгүй юм.
Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Э. Мөнх-Эрдэнэ
Д.ЖАРГАЛАН