Цар тахлын үеэр зарим улсад төрөлт хагас зуунд тохиож байгаагүйгээр буурсан байхад заримд нь олон хүүхэд мэндэлжээ. Яагаад вэ?
2021 онд цар тахлын үеэр олдсон хүүхдүүд мэндэлж буй билээ. Эцэг эхчүүд юу нь ойлгомжгүй халдварын талаарх мэдээллийг уншиж, сонсож, зайнаас ажлаа эрхэлж, тусгаарлалтаар гэртээ байхаас өөр аргагүй болохоос гадна далай тэнгис үзэн амрах ч эрхгүй болж, зарим нь бүр ажил төрөл ч үгүй болсон юм.
Тэгвэл энэ үеэр коронавирус төрөлтөд нөлөөлж чадсан уу? 2020 оны хавар болсон их хөл хорионы үеэр бэби-бум гарна гэсэн таамаглал биелсэн үү?
Энэ асуултын хариултыг судлаачид хэрхэн олсноо АНУ-ын ШУА-ийн PNAS (Proceedings of the National Academy of Sciences) сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтэд Европ тив бүхэлдээ, АНУ, Израиль, Япон, Өмнөд Солонгос гээд дэлхийн 22 улсын статистикт дүн шинжилгээ хийж үзсэн байна. Гэтэл огт өөр өөр хариулт гарч иржээ. Ихэнх орнуудад төрөлт цөөрсөн төдийгүй зарим газарт огцом буурчээ. Гэтэл зарим улсад цар тахлын өмнөхөөс ч олон хүүхэд мэндэлсэн аж.
КОРОНАВИРУС ДАЙН, ИХ ХЯМРАЛ ШИГ
Дайн, эдийн засгийн хямралын үеэр цөөн хүүхэд төрдөг нь хүн ам зүйд илт ажиглагддаг баримт. Тэгвэл цар тахал ч бас дэлхийн бусад гамшигтай дүйцэхүйц зүйл юм.
COVID-19-оос өмнө орчин цагийн түүхэнд дэлхий нийтийг хамарсан нэг л том тахал байсан нь 100 жилийн өмнө 1918-1919 онд гарсан испани ханиад. Энэ тахлаас хойш төрөлт 13% хувиар унасныг Испани дахь Помпеу Фабрын их сургуулийн Эдийн засаг, эрүүл мэндийн судалгааны төвийн ажилтан Эктор Пифарре-и-Аролас ярьжээ. Гэхдээ тухайн үед дөнгөж Дэлхийн нэгдүгээр дайн дуусаад байсан учир төрөлт буурахад ханиад нөлөөлсөн үү, дайн нөлөөлсөн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Харин өдгөө коронавирус эдийн засгийн хямрал үүсгээд байгаа юм. Тиймээс бүх зүйл дахиад л уялдаа холбоотой байдаг гэсэн үг. Ер нь ч амьдрал дээр бүх зүйл хэлхээ холбоотой билээ. Харин эрдэмтдийн хийх ёстой ажил бол шалтгаан, үр дагаврыг олох явдал юм.
ИСПАНИ СИНДРОМ
Цар тахлын үеэр Европын өмнөд хэсэг Испани, Итали, Португалд төрөлт буурчээ. Та бүхэн санаж байгаа биз ээ. Жуулчдын дуртай нарлаг орнууд, тэр дундаа Итали, Испани улс 2020 оны хавар Европын цар тахлын голомт болж байсныг мэдээгээр өч төчнөөн үзсэн байх.
Үүний үр дагавраар 2021 оны эхээр Италид шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо 2019 оны тухайн саруудтай харьцуулахад 9,1%-иар буурчээ. Харин Испанид 8,4%, Португалд 6,6%-иар буурсан байна. Унгар улсад төрөлт огцом буюу 8,5%-иар унасан бол АНУ-д ч мөн таагүй үзэгдэл гарч, 7,1%-иар буурчээ.
Төрөлтийн тоо 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн унаж, 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэгдүгээр сард дээд түвшиндээ хүртэл буурсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй давалгаа буюу хамгийн хатуу хөл хорионы үеэр, 2020 оны хавар хүүхэд олох нь багассан гэсэн үг.
Ерөнхийдөө судалгаанд 2016 оноос хойших мэдээллийг авсан аж. Гэхдээ бас том хэмжээний чиг хандлагыг ч тооцон үзсэн байна. Испанид л гэхэд 2008 оны санхүүгийн хямралаас эхлэн төрөлт буурсан бол цар тахал нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлжээ.
– Испани, Италид эхний саруудад ковидын нас баралт хамгийн өндөр, хөл хорио ч хатуу байсан. Энэ бүхэн иргэдийн сэтгэл санаанд нөлөөлж, бэлгийн амьдралд хандах хандлагад нь ч нөлөөлж эхэлсэн хэмээн Германы Макс Планкийн их сургуулийн хүн ам зүйч профессор Натали Ницше мэдэгджээ.
Үнэн хэрэгтээ Испанид байдал илүү дор байна хэмээн Помпеу Фабрын их сургуулийн эдийн засгийн профессор Либертад Гонсалес үзэж байна. Тэрбээр Үндэсний статистикийн хүрээлэнгийнхээ мэдээллээс эш татсан бөгөөд арванхоёр, нэгдүгээр сард төрөлт 18%-иар унажээ. Ийм том уналт 1975 оноос хойш гарч байгаагүй аж.
Нөгөө талаас Гонсалес илүү өөдрөг мэдээлэл хүргэсэн. Хэдийгээр уналт их ч түр зуурынх байсан гэжээ.
-2021 оны хоёрдугаар сард уналт ажиглагдсаар л байсан. Харин 3-6 дугаар сараас 2019 оных шиг тэгширч иржээ.
ЦАР ТАХЛЫН ҮЕЭР ТӨРӨЛТ ЯАГААД БАГАССАН БЭ
Италийн Милан хотын Бокконийн их сургуулийн профессор Арнштейн Аассве гол шалтгаануудыг нь ийнхүү нэрлэжээ.
! Цар тахлын эхэн үед хүмүүс юу болоод байгааг ойлгоогүй. Тэр тусмаа цаашид юу болох нь тодорхойгүй байсан. Амьдрал, ажил төрөл, ойр дотны хүмүүс нь гээд. Дассан ертөнц нь бүхэлдээ байхгүй болсон, мөхөл рүүгээ яваа мэт санагдсан. Ийм тодорхойгүй байдалд хэн бүл нэмэх талаар бодох билээ.
! Илүү прагматик шалтгаан нь эдийн засаг. Бодит орлогоо алдсан, хэсэг хугацаанд ч гэсэн ажилгүй болсноос болоод бараг бүгд л мөнгөгүй болох нь гэж айж, хүчээр амраах юм уу хална гэж эмээх болсон. Өөрсдийгөө яаж тэжээхээ мэдэхгүй байгаа хүмүүс хүүхэд бодох бил үү.
Гэхдээ үүгээр дуусахгүй.
! Айдас, стресс, түгшүүр жирэмсэлье гэсэн, ядаж төрөхөөс татгалзахгүй байсан эмэгтэйчүүдэд ч саад болж, сэтгэл санааны байдалд нь нөлөөлсөн.
! Бүх эмнэлэг, эмч нар шинэ халдвартай тэмцэж, яаралтай бус зовуурьтай хүмүүсийг удаан хугацаанд хүлээн аваагүй буюу бараг хүлээн аваагүй. Үүнээс болоод эмэгтэйчүүдийн өвчин, дааврын асуудлыг эмчлэлгүй орхисон. Үр шилжүүлэн суулгах үйл явц ч хойшилсон гэдгийг Либертад Гонсалес өгүүлжээ.
! Эцэст нь коронавирусийн өөрийнх нь нөлөө орно. Энэ өвчнөөр дэлхийн 200 сая гаруй хүн өвдсөний олонх нь хүүхэд тээх насныхан. Өвчинтэйгөө тэмцэж, халуурч, ханиалгаад хэвтсэний эцэст удаан хугацааны дараа бие нь тэнхэрдэг. Тэгэхээр тэд хүүхэд тээх талаар бодохгүй нь лавтай.
…ТЭГВЭЛ ЯАГААД ИЛҮҮ ОЛОН ХҮҮХЭД МЭНДЛЭВ
Үүнээс огт эсрэгээрээ байгаа улс орнууд ч бий. Францад л гэхэд цар тахал төрөлтөд бараг нөлөөлөөгүй бол Финлянд, Нидерланд, Швейцар, Герман, Өмнөд Солонгос, Сингапур, Японд хүн ам зүйн байдал бүр сайжирчээ.
Германд 2021 оны гуравдугаар сард төрөлт сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр өссөн байна. Холбооны статистикийн газраас энэ сард 66 мянган хүүхэд төрсөн гэжээ. XXI зуун гарсаар ийм зүйл тохиож байгаагүй юм. Хамгийн сүүлд 1998 онд 65 мянга гаруй хүүхэд төрж, бэби-бум тохиож байжээ.
Цар тахлын үеэр яагаад илүү ихээр төрөх болов?
Энэ нь дахиад л мөнгө, ирээдүйдээ итгэх итгэлтэй холбоотой. Европын хойд хэсгийн орнууд, Германд эдийн засаг нь Испани, Италиас илүү тогтвортой байжээ. Иргэд нь улс орон нь өөрсдийг нь хамгаална, аюулгүй гэдгийг мэдэрсэн биз ээ. Азид ч мөн төрөлт өссөн нь амьдралын түвшин нэмэгдсэнтэй холбоотой.
Бас нэг логик бий нь тусгаарлалт, зайнаас ажиллах зэргийн ачаар эхнэр, нөхрүүд хамтдаа цагийг илүү өнгөрөөх болсон юм. Өглөө ажил руугаа яарахгүй, орой баар хэсээд явчихгүй, томилолтоор явахгүй зэргээс болоод зарим хүн яг өдийд карьертаа түр завсарлага аваад, гэр бүлдээ цагийг зарцуулах ёстой гэдгээ ухамсарлажээ.
Эх сурвалж: KR