Зах зээлд АИ-92 бензин тасарсан нь иргэдийг бухимдуулж, Засгийн газрыг сандаргаж, сөрөг хүчнийг сэрээж байна. Засгийн газар шатахууны импортыг 5-7 хоногийн дотор шийдвэрлэнэ хэмээн хоёр өдрийн өмнө амласан. Засгийн газар, Гадаад хэргийн яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдад Хятадаас захиалсан шатахууныг хурдан татуулах арга хэмжээ авахыг даалгасан бол өчигдөр Москвад УУХҮЯ болон мэргэжлийн холбоо, шатахуун импортлогч зарим компанийн төлөөллүүд “Роснефть” компанийнхантай шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар уулзаж ярилцлаа.
Уулзалт үр дүнтэй болсон тухай мэдээг өчигдөр “Петровис” компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. “Роснефть” компани энэ сардаа багтаан 1500 тн АИ-92 бензин, 10 дугаар сард 44.000 тн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10.000 тн АИ-92 бензинийг татан авах болсон гэж мэдээнд дурджээ.
Манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, импортын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд шатахууны хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар жил бүр уулзаж хэлэлцдэг. Энэ удаагийн уулзалтыг есдүгээр сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байгаа юм.