УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.09.23) мэдээлэл хийж УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул гэсэн шаардлагыг тавьж байна. Монгол Улсын нийгэм- эдийн засаг, эрүүл мэндийн байдал хүндэрч байна. Нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээд удаж байхад Засгийн газар яаралтай хариу арга хэмжээ авсангүй.
Нүүрсний экспорт зогсож, АИ-92 шатахуун тасарч байхад эсрэг арга хэмжээ авч, хоёр хөрштэй асуудлыг ярилцаж эртнээс зохицуулаагүй цаг алдсан МАН-ын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Өнөөдөр яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, асуудлыг шийдэх ёстой гэж тус бүлэг мэдэгдэж байна.
Коронавирусын халдвар нэмэгдэж байхад Засгийн газар өөрөө гудамжинд шоу хийж, Коронавирусын халдварын үед Ковид-ийн эсрэг хуулийг баримтлан бүх эрх мэдлийг гартаа авсан ч МАН-ын Засгийн газар ажлаа хийсэнгүй. Тиймээс хариуцлага тооцох ёстой болж байна. Аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” гэдэг уриан дор эсэргүүцэл өрнүүлж, жагсаал хийнэ гэв.
Б.Ганбат: УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон ийм үед гадуур зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байсан.
Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр эрх баригчид халдварыг ихэсгэсэн. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс төрийн гурван өндөрлөг уучлалт гуйх ёстой. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана. Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна.