Дэлхийн автомашины худалдааны салбарт чансаагаараа тавд ордог автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” болон түүний охин компани “Kia Motors”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт АНУ-д наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн гэж лхагва гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэлд дурджээ.
“Hyundai Motor”, “Kia Motors” компани өнгөрсөн сард АНУ-д байгальд ээлтэй 8312 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 124.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн “Hyundai Motor” компанийн байгальд ээлтэй автомашины борлуулалт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 245.4 хувиар өсөж, 5817 ширхэг болжээ. Энэ нь “Kia Motors”-ийн 23.5 хувиар өссөн борлуулалтыг давсан үзүүлэлт болсон байна.
Үүний дотор “Hyundai Motor” компанийн “Tucson” дунд оврын жийпний хос хөдөлгүүрт загвар хамгийн их борлуулалттай байсан бөгөөд 1965 ширхэг худалдаалагджээ. Автомашин үйлдвэрлэгч дээрх компаниуд өнгөрсөн оны мөн үед 23733 ширхэг байгальд ээлтэй автомашин борлуулсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 69446 ширхэг байгальд ээлтэй автомашин борлуулсан нь 192.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн “Hyundai Motor” компани АНУ-д “IONIQ 5” дунд оврын жийпээ энэ оны сүүлээр худалдаанд гаргах бол “Kia Motors” компани ирэх онд “EV6” дунд оврын жийпээ зах зээлд танилцуулахаар төлөвлөж байна.