Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажилласны үндсэн дээр газрын харилцааны 17 нэр төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ. Ингэснээр иргэдийн хамгийн их ашигладаг газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахимаар хэвлэж авах боломжтой болсон байна.
Өмнө нь газрын гэрээн дээр 3-9 албан тушаалтан гарын үсэг зурж, нэг дүүргийн газрын алба сард 300 орчим иргэний газрын асуудал шийдэгддэг байсан бол үүнийг цахим хэлбэрт буюу QR код ашиглан шийдэх боломжтой байдал руу шилжүүлжээ.
Энэхүү систем нэвтэрснээр нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг иргэдэд шилжүүлсэн гэж ойлгож болно. Иргэд Egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулж газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зургаа хэвлэн авах боломжтойгоос гадна QR код уншуулан тухайн газраа хүчинтэй эсэх, барьцаанд тавигдсан эсэх бүх мэдээллийг харах боломжтой болжээ.