Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай тогтоол баталжээ. Тогтоолын дагуу Монгол Улсын гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд 120 сая төгрөг, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг тус тус олгохоор болсон байна.
Олон улсын олимпын хорооны ивээлд зохион байгуулагддаг тив дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж, мөнгөн шагнал олгох Засгийн газрын журмын хүрээнд дээрх тогтоолыг баталсан байна.
Япон улсын нийслэлд 13 өдөр үргэлжилсэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон юм.