АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөрийн” 2022-2023 оны шалгаруулалт 2021 оны 9-р сарын 13-с 10-р сарын 15-ны хооронд цахимаар зохион байгуулагдахаар боллоо.
FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжсээр ирсэн бөгөөд Монголоос нийт 50 сурагч хөтөлбөрт амжилттай хамрагдаж харин 2021–2022 оны хичээлийн жилд 20 сурагч Америкийн ахлах сургуульд сурахаар зорьсон байгаа билээ.
2022-2023 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулахаар зарлаж байна. 1 болон 2-р шатны шалгаруулалт 9 сарын 13-с 10 сарын 15 хооронд үргэлжлэх ба шалгалтыг аль ч байршлаас интернет ашиглан өгөх боломжтой. Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
- 2005 оны 1 сараас 1-нээс 2007 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
- Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
- Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
- Америкт зорчих визний шалгуур хангасан байх
/АНУ-д сүүлийн 5 жилийн хугацаанд зорчиж байсан бол 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй байх/
/Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2004 оны 1 сарын 1-ээс 2007 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх/
ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАЛТЫН ҮЕ ШАТУУДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
1-р шат
Сонгон шалгаруулалтын 1-р шат 9 сарын 13-с 10-р сарын 15 хүртэл явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 эссе асуултанд хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 9 сарын 19-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 9 сарын 29.
2-р шат
1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор имэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна.
Сонгон шалгаруулалтын 2-р шат 9 сарын 13-с 10-р сарын 15 хүртэл явагдана.
3-р шат
Энэ жилийн хувьд 3-р шатны шалгаруулалт 2021 оны 11 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Хөтөлбөр болон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгаар аваарай.
Утасны дугаар: (976) 93130647
Имэйл хаяг: flex.mn@americancouncils.org
Фэйсбоок: www.facebook.com/FLEXMongolia
Инстаграм: www.instagram.com/flexmongolia