УИХ-ын энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулгыг, инфографикийн хамт хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн тус хуулийн төслүүдийг УИХ 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.
Хууль батлагдсанаар импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлөх, мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлнө.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үед татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалтад хүлэмжийн аж ахуйг нэмж тусгасан болно.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар