Батлан хамгаалах, аюулгүйн салбарт хамтран ажиллах АНУ, Их Британи, Австралийн “AUKUS” нэртэй шинэ түншлэл энэ сарын 15-нд байгуулагдсан нь Их долоогийн орнуудын дунд таагүй уур амьсгалыг бий болголоо.
Шинэ түншлэл Энэтхэг, Номхон далайн бүсэд төвлөрч, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хэтийн төлөвт анхаарч, гурван улс дэвшилтэт технологио солилцон, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран ажиллаж, зэвсэгт хүчнээ АНУ-ын далавчит пуужингаар тоноглох гэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар мэдэгдээд байгаа.
Ажиглагчдын цэрэг, технологийн салбарт өсөн нэмэгдэж байгаа Хятадын байр суургийг сулруулах зорилготой хэмээн таамагласан түншлэлийн хүрээнд Австралийн флот АНУ-гаас атомын 8 шумбагч онгоц авах болсонд хамгийн их эмзэглэж байгаа орон бол Франц.
Австрали 8 шинэ шумбагч онгоцны нийт өртөгт 90 тэрбум австрали доллар төлөх бөгөөд Америкийн технологийг авч, онгоцоо 18 сарын хугацаанд угсрах юм. Шинэ түншлэлийн гэрээ хэрэгжин, Австрали АНУ-аас шумбагч авах болсон учрас Францтай хийсэн дизель шумбагч 12 онгоцны гэрээгээ цуцалж орхисон юм.
2016 онд Францын “DCNS” корпорацитай байгуулсан гэрээ ёсоор Австрали Францад 50 тэрбум доллар төлөх ёстой байсан ч гэрээ нэгэнт үгүй болсон тул Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли нарын хүмүүс Австрали болон АНУ-г “ар нуруу руу хутгалсан үйлдэл” хийлээ хэмээн буруутгаад байна.
Асуудал үүгээр дууссангүй. Эсэргүүцэл ар араасаа өрнөж өнгөрсөн долоо хоногт Франц улс АНУ, Австралиас Элчин сайдаа түүхэндээ анх удаа татлаа. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Элчингүүдээ татсан явдлыг Ерөнхийлөгч Эммануэль Макроны заавраар хийсэн гэж мэдэгдээд байна.
Түүгээр ч зогсохгүй Францын гадаад хэргийн сайд “Энэ бол холбоотон, түнш орнуудын харилцаанд байж боломгүй үйлдэл. Франц улс энэ асуудлаар байр сууриндаа бат зогсоно. АНУ-д ямар хариу барихаа мэдэж байгаа” гэж хэлжээ.
Хэрэг явдалтай залгаад Вашингтон дахь Францын ЭСЯ АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайны үеэрх гарсан тэнгисийн тулалдааны 250 жилийн ойн ёслолын ажиллагаагаа явуулахгүй нь мөн тодорхой боллоо. Ёслолын ажиллагааг цуцалсан нь Францын улстөрчид, дипломатчид шумбагч онгоцны гэрээ цуцлагдсанд маш ихээр уурлаж хилэгнэсний нотолгоо гэж хэвлэлүүдэд тэмдэглэж байна.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тайлбар өгөхдөө “Франц бол “Их-7”, “Их-20”-ийн оролцогч. Бид тус улстай янз бүрийн асуудлаар хамтран ажилладаг. Үүнийгээ ч үргэлжлүүлэх болно. Францын дээд, доод түвшний удирдлагууд АНУ-ын чухал түнш хэвээр үлдэнэ. АНУ, Австрали, Их Британийн түншлэл гэж бий. Мөн Францыг оролцуулах, оролцуулахгүй түншлэл ч бий” гэж мэдэгджээ.
Цэргийн зэвсгийн захиалга өөрчлөгдсөн тохиолдлын зөвхөн энэ биш. Швейцар улс саяхан АНУ-ын нөлөөгөөр Францаас “Rafale” нэртэй сөнөөгч онгоц худалдан авах гэрээнээсээ татгалзсан бол Польш улс бас л АНУ-ын дарамт, эрх ашгаас болоод нисдэг тэрэгний худалдан авалтын гэрээгээ цуцалсан аж.
Швейцар улс Францын сөнөөгчийг худалдан авахаас татгалзсанаас болоод Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон арваннэгдүгээр сард Швейцарт хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ. Уг айлчлалд 6 сарын турш бэлтгэж байсан юм. Үүнээс гадна Францын төрийн тэргүүн 2022 оны зун хүртэл Швейцартай хийх хоёр талын өндөр түвшний бүхий л харилцааг хоригложээ. Макроны шийдвэр нь Швейцар улс армидаа АНУ-ын F-35 онгоцыг авах болсонтой холбоотой. Гэрээний нийт өртөг 6 тэрбум ам.доллар гэж мэдээлж байна.