Исламын Бүгд Найрамдах Улсын цөмийн хөтөлбөрийн эцэг гэгддэг Ираны цөмийн физикч Мохсен Фахризадег Израилийн тусгай албаны МОССАД байгууллагын мэргэжилтнүүд алсын зайн удирдлагатай роботжуулсан пулемётын тусламжтайгаар хөнөөсөн гэж Америк, Израиль, Ираны эрх бүхий хүмүүс, тэр дундаа ажиллагааны талаар дэлгэрэнгүй зүйлийг мэдэх тагнуулын хоёр ажилтны мэдээллээс эх сурвалжлан The New York Times сонид бичжээ.
Ираны эрдэмтэн рүү 2020 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ираны хойд бүс, Мазендеран мужид халдсан юм. Фахризадегийн автомашиныг пулемётоор харважээ.
Хэвлэлд мэдээлснээр, ажиллагааг гүйцэтгэгчид Бельгийн 7,62 мм FN MAG калибрын пулемётын загварыг сонгож, роботжуулсан аппаратап суурилуулсан аж. Пулемёт, робот, түүний нэгдэл гээд бүх хийц нь тонн орчим жинтэй учир эхлээд түүнийг жижиг хэсгүүд болгон салгаж, Иран руу янз бүрийн замаар нууцаар хил давуулан оруулж байгаад, мэргэжилтнүүд угсарсан гэж материалд тэмдэглэжээ.
Роботжуулсан зэвсгийг Иранд өргөн тархсан Zamyad ачааны машины кузов дээр байршуулсан байна. Үүнээс гадна автомашинд орчны хяналтын хэд хэдэн камер суурилуулж, дотор нь ажиллагаа дууссаны дараа устгах тэсрэх төхөөрөмж байршуулжээ.
Тус сонинд мэдээлснээр, зэвсэгтэй автомашин замын хажууд зогсож байсан бөгөөд хажуугаар нь эрдэмтний машин явж байхад нь хэрэгтэй мөчид нь буудсан гэнэ.
Al-Alam теле суваг энэ аллагыг Израильд үйлдвэрлэсэн, хиймэл дагуулаар удирддаг зэвсгээр бүтээсэн гэж мэдээлсэн. Тегеранаас Фахризадег хөнөөсөн явдал нь олон улсын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл, тиймээс халдлагын хариуг заавал авна гэж мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: RUSSIAN