Афганистаны Панжшир муж руу чиглэсэн замуудыг нээж, харилцаа холбооны үйлчилгээг сэргээсэн гэж Tolo News агентлаг нутгийн иргэд болон эрх баригчдын эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Tolo News-ын мэдээлснээр мужийн замууд 20 орчим хоног хаагдсан бөгөөд энэ хугацаанд харилцаа холбооны үйлчилгээ тасалдсан байжээ. Гэвч одоогоор бүс нутгийн цахилгаан, эрчим хүч ажиллахгүй хэвээр байгаа аж.
Орон нутгийн сэтгүүлч Мохаммад Васи Алмас “Цахилгаан холбооны сүлжээ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн ажиллаж байгаа ч бүс нутагт үүссэн ноцтой асуудал бол цахилгааны тасалдал юм хэмээжээ.
Панжшир хотын иргэдийн хэлснээр Талибан болон эсэргүүцлийн хүчний хооронд гарсан мөргөлдөөний улмаас нутгийн оршин суугчдийн 90 хувь нь гэр орноо орхин уул руу дүрвэжээ. Энд эдийн засгийн хямрал үүсч, хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байна гэж нутгийн оршин суугчид ярьсан байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн аюулгүй байдлын ажилтан Мавлави Сана Сангин Фатих Панжширт байдал хэвийн байгаа гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ. Түүний хэлснээр тус мужид цахилгаан, эрчим хүч болон хоол хүнс дутагдаж байна гэсэн мэдээлэл худлаа, үйлчилгээний ажилтнууд жирийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж байгаа аж.
Эх сурвалж: РИА