Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзсаны дараа Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоотой байх, улс төрийн оролцогчдын дунд зөвшилцөлд хүрэх нь чухлыг онцлов. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагатай холбоотой гол дөрвөн чиглэлтэйг дурдлаа.
УИХ-ын дарга болон гишүүд Стэнфордын их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзав.
Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөж хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татахаар кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг аж. Тус комисс нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевиз, интернэтийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам, фото зураг авах зөвшөөрлийг олгодог байна.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Зандашатар Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авах, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсэв. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулдаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав.
Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид “Apple” компанийн үйл ажиллагаатай танилцсаныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.