Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод энэ сарын 16-18-нд амжилттай боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцов.
Уулзалт хуралдааны хоёр дахь өдөр Душанбе хот дахь “Кохи Навруз” ордонд зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ. Тэрбээр “2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгала. Өнгөрсөн хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудын ашиг сонирхлыг хүндэтгэн, бүс нутгийн эдийн засаг болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлж байгаа”-г онцлов.
Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг, дэлхий дахинд тулгамдаж буй асуудал, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улс ажиглагчийн статустай оролцож, Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг багасгах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, холбогдох уулзалт, үйл ажиллагааг эх орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурдаад, Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаа”-г мэдээлсэн юм.
Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцжээ. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүдийг батлав.
Хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан Улс 2022 онд даргалан зохион байгуулахаар тогтжээ.