Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бямба гаригт (2021.09.18) КОВИД-19-ийн эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт ажиллажээ. Тухайлбал, Эх, нярайн Үндэсний төв 2-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.
Иргэдийн хэлж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа КОВИД-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. Мөн 3,000 жирэмсэн эмэгтэйд КОВИД-19-ийн эмчилгээ хийж, уг өвчнөөр өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна.
Өчигдрийн байдлаар тус эмнэлэгт 1,100 хүн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд эмчилгээний тусламжийг үзүүлж байна. Хүнд цагт хүчин чадлаасаа дөрөв дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭНҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө.
Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм.
Эх сурвалж: ЭМЯ