Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог “Digital nation” уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна. Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийсэн энэ арга хэмжээнд оюутан, залуучууд олноороо очсон нь цар тахлын үед мөрдөж буй дүрэм журамтай огт нийцсэнгүй.
2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн дэгдсэн Ковид-19 халдварын улмаас Монгол Улс дотооддоо урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг онцгой журмыг даган мөрдөж байна.
Мөн оны дөрөвдүгээр сард УИХ Коронавируст халдвар, цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг буурулах тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Засгийн газар болон төрийн байгууллагын эрх бүхий ажилтнууд цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг үүрэгтэй. Гэвч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан арга хэмжээ, олон мянган иргэнийг цуглуулсан явдлыг иргэд Цар тахлын хуулийг зөрчсөн, нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж эхлээд байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаагаа НОК-д мэдэгдсэн ч НОК-оос энэ сарын 1-нд “Цахим үндэстэн-Digital Nation 21” арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ албан бичгээр мэдэгдсэн аж.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон ААН, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа НОК-оос албан бичигт дурдагдсан байна.
Дашрамд дурдахад: Цар тахалын үеийн онцгой дэглэм бусад үйл ажиллагааг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж Ковидын эсрэг хуульд заажээ.