Сүүлийн үед бизнесийн байгууллагууд ашиг орлогоос гадна хүрээлэн буй орчин, байгаль экологид ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарч байна. Тиймээс Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан энэ сарын 16-ны өдөр “Хог хаягдлын менежмент”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 11 дэх удаагийн сургалт юм.
Бид энэ удаагийн сургалтаар байгальд ээлтэй бизнес эрхлэгч байснаар нийгэм, байгаль орчин, ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийж болохыг оролцогчдодоо ойлгуулж, ногоон шилжилтийн ач холбогдлыг таниулахыг зорилоо.
Сургалтад “Саблайм ХХК”-ийн гүйцэтгэх захирал Н.Наранцэцэг уригдаж “Байгаль орчны менежментийн стандарт” сэдвээр илтгэл тавин, ногоон шилжилтийг өөрийн байгууллага, бизнест хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Харин “Өнгө нэм” төслийн санаачлагч Н.Амгалан-Эрдэнэ “Хог хаягдлын менежмент” сэдвээр илтгэл тавин, стандартын дагуу хог хаягдлаа ангилдаг байгууллагын дотоод соёлыг бий болгох, байгальд ээлтэй бизнесийн орчинг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Мөн “Өнгө нэм” төслийн хамт олон “Зүгээр битгий хая” уриатай гялгар уут цуглуулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн ба сургалтад оролцогчдыг энэхүү аянд оролцохыг уриалсан юм. Эрхэм харилцагч та ч бас тус аянд нэгдэж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой.