Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахаар болсон байна.
Улсын Дээд шүүх Э.Оюунболдыг 2019 оны Улсын баяр наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн гэдгийг тогтоож, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд 398 дугаар тогтоол гарган залуу аваргын Улсын аварга цолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж байсан юм.
Шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч биелүүлж, зарлигаа гаргаснаар Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Химон Констракшн” ХХК, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.
Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тав даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртжээ.
Мөн өнгөрсөн оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртэж байна.