ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбагана Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт үржүүлж буй минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авахад долоо нь коронавирусийн халдвар батлагдсан гэж IKON сайтад мэдэгджээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж эхэлсэн бөгөөд наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм байна.
Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд бүгдэд Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрч, дөрөв нь үхсэн байжээ. Минжний сүргээс долоон минжийг ялган сорьц авахад халдвар батлагдсан бөгөөд тус төв үлдсэн 47 минжийг эмчилжээ.
Олон улсад гэрийн тэжээвэр болон ан амьтад коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол цөөнгүй гарч байгаа. Тиймээс Зоонозын өвчин судлалын үндэсний төв коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийж байгаа аж.