Казахстаны Парламентын доод танхим Мажилис 9 -р сарын 15 -ны өдөр “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль тогтоомжид оруулсан нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Хуулийн төсөлд зааснаар гадаадын сошиал платформ, мессенжер үйлчилгээ нь Казахстаны хуулийн этгээдийн улсын бүртгэлд заавал бүртгүүлж, салбараа нээх ёстой. Мөн тус газрыг зөвхөн Казахстаны иргэншилтэй хүн л удирдана хэмээн хуульчлахыг дэмжлээ.
Үүнтэй төстэй хуулийг 2021 оны долдугаар сард ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин баталгаажуулсан байсан. Энэ хууль батлагдсанаас хойш зургаан сарын дараа, хэрэв гадаадын онлайн платформ эсвэл мессенжерийн үйлчилгээ нь хуулийн этгээдийг бүртгэх улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол эрх бүхий байгууллагаас тушаал гарснаас хойш 24 цагийн дотор Казахстаны хууль тогтоомжийг зөрчсөн мэдээллийг устгах эрхийг салбарын дарга нарт олгох аж.
Танхайрах, цахим дээрэнгүйлэл явуулах, амиа хорлох үйлдлийг мэдээлэх зэрэг тухай суртал ухуулга зэрэг агуулгатай мэдээллүүд устах хүртэл арга хэмжээ авах мэдээний төрөлд орж байгаа бөгөөд хуулийн заалтыг дэмжсэн депутатууд өөрсдийн байр сууриа интернэт дэх дарамтын эсрэг тэмцэж байгаа гэдгээр тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд дээрэлхэх, ялангуяа цахим дээрэнгүйлэл олон нийтийн дунд маш том аюул дэгдээж, ноцтой үр дагаварт хүргэж байна. Энэ нь эцэстээ амиа хорлох шалтгаан болж байна” гэж Мажилисын дарга Нурлан Нигматулин хэлжээ.
Казахстаны эрх баригчид 2020 онд интернетээр 70 мянган орчим кибер халдлага үйлдсэн тухай баримтыг энэ онд дэлгэж байжээ. Мөн хуулийн төслийг санаачлагчид “Харилцаа холбооны тухай” хуулийн 41-1-р заалтыг нэмэлт дэд зүйлүүдийг өөрчлөн, интернетийн нөөцийг хаах журмыг өөрчлөх санал гаргажээ.
Энэ хууль эцэслэгдэн батлагдвал Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниуд хэрвээ Казахстанд салбар төлөөлөгчийн газраа нээх, үгүй бол тэдний үйлчилгээг хориглох юм. Хуулийн төслийг дахин хоёр удаа хэлэлцэж, парламентын дээд танхим болох Сенат баталж, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: Currenttime